“OpenAI” компани хиймэл оюун ухааны тусламжтайгаар 90 орчим жил эрдэмтдийн шийдэж чадаагүй математикийн маш хүнд бодлогыг шийдсэн гэж мэдэгдлээ. Тус компани 10 мянга орчим хиймэл оюун ухааны агент буюу тодорхой даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай AI программуудыг зэрэг ажиллуулж, 88 цагийн дотор шийдэлд хүрсэн байна.

Тус бодлого нь Навье-Стоксын тэгшитгэл гэх математикийн томьёотой холбоотой. Энэ тэгшитгэлээр ус, агаар зэрэг шингэн болон хий хэрхэн хөдөлж байгааг тайлбарладаг.

Жишээлбэл, голын ус хэрхэн урсах, онгоцны далавчны эргэн тойронд агаар хэрхэн хөдлөх, ус болон агаар яагаад зарим үед эмх замбараагүй эргэлдэж, үймдэг зэрэг үзэгдлийг ойлгоход энэ тэгшитгэл чухал ач холбогдолтой.

Гэвч эрдэмтэд энэ тэгшитгэлтэй холбоотой нэг чухал асуултыг олон арван жилийн турш бүрэн шийдэж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, тэгшитгэлээр тодорхойлсон шингэн болон хийн хөдөлгөөн үргэлж зөв, тогтвортой байдлаар шийдэгдэх боломжтой юу гэдгийг математикчид бүрэн нотолж чадаагүй байна.

“OpenAI” энэ бодлогын дөрвөн хэсгийн хоёрыг нь шийдсэн гэж мэдэгджээ. Гэхдээ энэ нь асуудлыг бүрэн шийдсэн гэсэн үг биш юм.

Түүнчлэн компанийн гаргасан шийдлийг одоогоор бусад эрдэмтэд бие даан шалгаж, баталгаажуулаагүй байна. Тиймээс уг ажлыг албан ёсоор математикийн асуудлын бүрэн хариулт гэж хүлээн зөвшөөрөх болоогүй байгаа юм.

Энэ бодлоно нь дэлхийн математикийн хамгийн хүнд долоон бодлогын нэг бөгөөд бүрэн шийдэж чадсан хүнд 1 сая ам.долларын шагнал олгохоор зарласан байдаг.

Харин “OpenAI” энэ удаагийн үр дүнгээрээ уг шагналыг авах хүсэлт гаргахгүй гэдгээ мэдэгджээ.“OpenAI”-ийн мэдээлснээр, 10 мянга орчим AI агент асуудлыг шийдэхийн тулд хоорондоо бараг гурван сая удаа мэдээлэл солилцсон байна. Мөн нийт 130 тэрбум орчим токен ашиглажээ. Токен гэдэг нь хиймэл оюун ухаан текст, код боловсруулахдаа ашигладаг мэдээллийн жижиг хэсэг юм. Компанийн тооцоолсноор ийм хэмжээний ажлыг хамгийн дэвшилтэт AI загваруудаар хийхэд ойролцоогоор 10 сая ам.долларын зардал гарах байжээ.

Гэхдээ “OpenAI”-ийн мэдэгдэл зарим математикчдын дунд маргаан дагуулсан байна. Нью-Йоркийн их сургуулийн профессор Тристан Бакмастер болон “Anthropic” компанийн математикч Левент Алпөге нар уг асуудлыг мөн судалж байсан аж. Бакмастерын хэлснээр, тэдний хийж байсан судалгааны талаарх мэдээлэл “OpenAI”-д хүрсэн байж болзошгүй бөгөөд үүний дараа тус компани Навье-Стоксын тэгшитгэлийг судалж эхэлсэн байж магадгүй гэж үзэж байна.

Харин “OpenAI” үүнийг няцааж, дээрх хоёр судлаачийн ажлыг тэд олон нийтэд танилцуулахаас өмнө олж хараагүй гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн