Катарын ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани Хятадад хоёр өдөр айлчлаад буцсан. Энэхүү айлчлалтай зэрэгцэн хоёр улсын харилцаа шинэ алтан эрин рүүгээ шилжиж буйг албаныхан онцолж байна.
Хятад улс Катарыг Ойрхи Дорнод болон Персийн булан дахь чухал стратегийн түнш гэж тодорхойлж буй. Тийм ч учраас айлчлалын үеэр талууд эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Катар улс зуучлагчийн үүрэг хүлээж буй тул талууд Ираны дайны асуудлыг ч орхигдуулаагүй хэлэлцсэн нь ойлгомжтой.
Катарын Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны газрын захирал Ибрахим бин Султан Аль Хашими айлчалын дараа мэдэгдэл хийхдээ “Дайн ч биш, энх тайван ч биш ийм нөхцөл байдал үргэлжилж байгааг огт хүлээн зөвшөөрөх аргагүй. Ийм байдал бүс нутаг, бүс нутгийн улс орнууд, ард иргэдэд ямар ч ашиггүй. Катар улс Хятад зэрэг түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Дипломат хүчин чармайлт үргэлжилж, шинэ санаачилгуудыг хэлэлцэж байна” гэжээ.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Хятадын тал бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг сэргээхийн тулд Катартай уялдаа холбоогоо улам бэхжүүлэн ажиллахаа амласан. Харин Катар улс хүндрэл бэрхшээл тулгарсан ч Хятадад нийлүүлэх эрчим хүчний хангамжаа нэн тэргүүнд тавина гэжээ.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр саатсан нь тал талд эрсдэлийг улам нэмэгдүүлсэн.
Катар бол дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий экспортлогчдын нэг. Нөгөөтэйгүүр Хятад нь дэлхийн хамгийн том газрын тос импортлогч. Тэгэхээр дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тогтвортой байдлыг сэргээх нь хоёр улсын нийтлэг ашиг сонирхол болоод байна.
Эрчим хүч бол хоёр улсын харилцааны үндсэн гол тулгуур. Катар 2025 онд 19.4 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлснээр Хятадын хоёр дахь том байгалийн хий нийлүүлэгч болжээ. Мөн “QatarEnergy” компани Хятадын төрийн өмчит эрчим хүчний аваргууд болох “CNPC”, “Sinopec” хоёртой 27 жилийн хугацаатай байгалийн хий нийлүүлэлтийн гэрээ байгуулсан.
Хэдий нийтлэг ашиг сонирхолтой ч Ираны асуудалд хоёр улс өөр өөрөөр ханддаг. Хятад улс Катарын зуучлалын хүчин чармайлтыг удаа дараа дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч Ираны үйлдэл, Ормузын хоолой дахь тээврийн хөдөлгөөнд учруулж буй саад тотгорыг шууд шүүмжлэхээс голдуу зайлсхийсээр иржээ. Үүний зэрэгцээ мөргөлдөөний гол буруутнаар АНУ, Израилийг нэрлэдэг. Хятадын албаныхны үзэж буйгаар ийм дайн анхнаасаа огт эхлэх ёсгүй байсан.
Хятад нь эдийн засаг, дипломат харилцааны хувьд Ираны хамгийн чухал түншүүдийн нэг мөн. Тодруулбал, Хятад улс олон жилийн турш Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч хэвээр байгаа юм. Тиймдээ ч Ираны эсрэг нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцсээр ирсэн.
Аль Танитай хийсэн уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И дипломат аргаар асуудлыг шийдвэрлэхийг дахин уриалж, цэргийн хүчийг шийдэл биш гэдгийг хэлжээ.
Үндсэндээ Ираны асуудал дээр Хятад улс өөрийн нөлөөгөө ашиглахад хэр зэрэг бэлэн байгаа вэ гэдэг нь тодорхойгүй. Одоогоор Хятадын талаас тийм сонирхол огт ажиглагдаагүй байна.
Гэтэл Катар эсрэгээрээ Ираныг хөрш орнууд руугаа халдсаныг ил тод буруушаадаг. Хямралыг зохицуулах оролдого нь бүтэлгүйтсээр байгаад бухимдаж байгаа ч тэд яриа хэлэлцээг үргэлжлүүлэн дэмжсээр байгаа юм. Катарын байр сууринаас харвал, Хятадтай хамтын ажиллагаагаа илүү нягтруулах нь мөргөлдөөнийг эцэслэх хүчин чармайлтад өөр нэг нөлөө бүхий тоглогчийг татан оролцуулах боломж.
ТЭНЦВЭРИЙН БОДЛОГО
Катар улс Хятадын хамгийн том стратегийн өрсөлдөгч болох АНУ-тай олон жилийн турш аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт нягт хамтран ажиллаж байна. Хятад ч үүнийг нь сайн мэднэ.
Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз Аль-Удейд нь Катарт байрладаг. Иран гуравдугаар сард Катар руу хоёр баллистик пуужин харвасны нэг нь Аль-Удейд баазад туссан ч хүний амь эрсдээгүй. Үүний дараа Катар улс АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг уриалжээ.
“Гэхдээ Хятадад АНУ-ыг орлож бүс нутгийн аюулгүй байдлын гол баталгаа болох сонирхол байхгүй” гэдгийг Бээжин дэх Хятад ба даяаршлын төвийн судлаач Ахмед Хан хэлжээ. Түүний хэлснээр бүс нутгийн улс орнууд нэмэлт сонголт эрэлхийлж буй энэ үед Хятад өөрийгөө улс төр, эдийн засгийн чухал тоглогч болгон бүс нутагт тунхаглаж байна.
