Сургуулийн орчин нүүрийг бүрэн халхалсан бурка, никаб өмсөхийг хориглох шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони мэдэгдлээ. Мөн нэг ангид суралцах гадаад сурагчдын тоонд хязгаар тогтоож магадгүй байна.
Ерөнхий сайд Мелони өчигдөр /2026.09.20/ Ром хотод болсон Үндэсний консерватив Италийн ахан дүүс (FdI) намын залуучуудын байгууллагын арга хэмжээний үеэр уг мэдэгдэлээ хийсэн байна. Тэрбээр мөн Италийн боловсролын тогтолцоонд дасан зохицоход нь хүндрэлтэй байгаа гадаад сурагчдын эцэг, эхэд итали хэлний хичээл заавал үзүүлэх санал гаргажээ.
“Италид ирж, ирээдүйгээ энд бүтээхийг хүсч байгаа хүн манай хэлийг сурч, соёлыг ойлгож, дүрэм журмыг хүндэтгэх ёстой” гэж Мелони хэлсэн байна.
Засгийн газар уг өөрчлөлтийг баталсан тохиолдолд парламент хэлэлцэж, 60 хоногийн дотор хууль болгон батлах шаардлагатай.
Бурка нь эмэгтэй хүний нүүр, тэр дундаа нүдийг хүртэл бүрэн халхалдаг хувцас юм. Харин никаб нь нүүрийг халхалдаг ч нүд ил байдаг. Одоогоор Италид эдгээр хувцсыг шууд хориглосон хууль байхгүй. Гэхдээ 1975 оны хуулиар хүнийг танихад хүндрэл учруулах дуулга болон хувцас өмсөхийг тодорхой нөхцөлд хориглодог. Харин 2008 онд гаргасан шийдвэрээр шашин, соёлын шалтгаанаар нүүрээ халхлахыг зөвшөөрсөн. Шаардлагатай үед иргэний үнэмлэх зэрэг баримт бичгээр хувийн мэдээллээ баталгаажуулахын тулд нүүрээ ил гаргах ёстой гэж тодруулсан байна.
Мелони мөн нэг ангид суралцах гадаад сурагчдын тоонд хууль ёсны хязгаар тогтооно гэж мэдэгдсэн. Гэхдээ Италид нэг анги болон сургуульд суралцах гадаад сурагчдын тоог 30 хувиас хэтрүүлэхгүй байх журам аль хэдийн бий. Мелони энэ хязгаарыг хэрхэн өөрчлөхөө одоогоор тодорхой тайлбарлаагүй байна. Одоогоор Италийн нийт сургуулийн сурагчдын ойролцоогоор 12 хувь нь гадаадын иргэд байгаа аж. Мелонигийн тэргүүлдэг барууны чиглэлийн засгийн газар Дэлхийн II дайнаас хойш Италид хамгийн удаан ажиллаж буй засгийн газар юм. Гэвч 2027 оны бүх нийтийн сонгуульд цагаачлалын асуудал гол сэдвүүдийн нэг болох төлөвтэй байна.
