Түүхэнд байгаагүй халуун зун, ган гачиг дэлхийд алдартай Францын дарсны үйлдвэрлэлд хүнд цохилт өгчээ. Тодруулбал, Францын Хөдөө аж ахуйн яам 2026 онд дарсны үйлдвэрлэл сүүлийн 70 жилийн хамгийн доод түвшинд хүрч магадгүйг анхааруулсан байна. Хэрвээ энэ анхааруулга биелвэл тус улсын дарсны үйлдвэрлэл гурав дахь жилдээ дараалан буурна гэсэн үг.

Францын бүх л бүс нутгийг халууны давлагаа тойроогүй дайрч байна. Гэтэл сонирхолтой нь хамгийн их хохирол амсаж буй бүсүүд нь сэрүүн уур амьсгалтай Луарын хөндий, Шампань юм. Харин өмнөд хэсгийн Бордо болон Лангедок-Руссийон бүсийн дарс үйлдвэрлэгчид өнгөрсөн жилээс илүү их ургац авснаа мэдээлжээ.

Бордо их сургуулийн эдийн засгийн профессор Кардебагийн үзэж буйгаар Франц улс уур амьсгалын өөрчлөлтөд хангалттай бэлтгээгүй нь хамгийн том асуудал болж байна. Тэрбээр “Испани улс халууны давлагаа, дэлхийн дулааралд илүү их удаа өртдөг. Гэхдээ тэд илүү сайн бэлтгэлтэй. Тухайлбал, тэд усалгааны сүлжээтэй. Гэтэл Францад ийм систем маш ховор, зөвхөн онцгой тохиолдолд л услахыг зөвшөөрдөг” гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Францын дарсны салбарт мөрдөгддөг хатуу дүрмийг ч өөрчлөхөд хүргээд буй юм. Жишээлбэл, “Château Lafleur” брэнд өнгөрсөн жил зургаан төрлийн дарсаа Помероль болон Бордогийн нэр хүндтэй албан ёсны ангиллаас гаргах шийдвэр гаргаж олны анхаарлыг татжээ. Энэ нь усалгааны хязгаарлалт, нэгж талбайд тарих усан үзмийн модны тоо, зөвшөөрөгдсөн усан үзмийн сорт зэрэг дүрэм журам нь уур амьсгалын өөрчлөлтөд хурдан дасан зохицох боломжийг хаасантай холбоотой.

Хэт халалтаас болоод ургац хураалт ч эрт болж байна. “Maison Louis Latour” брэнд энэ жил наймдугаар сарын 14-нөөс ургацаа хурааж эхэлсэн бөгөөд энэ нь түүхэнд байгаагүй эрт хураалт аж. Тус брэндийн захирал Латур “10 жилээр нь харвал ургац хураалтын дундаж хугацаа 10 жил тутамд гурван өдрөөр урагшилж байна. Өөрөөр хэлбэл, ургац хураалт 1930-аад оноос хойш бараг нэг сараар эрт болсон гэсэн үг” гэжээ.

Үүнийг дагалдаад ургац хураах хүний нөөцийн асуудал ч үүсч байна. Усан үзэм хэзээ боловсрохыг урьдчилан таамаглахад улам хэцүү болж байгаа тул уян хатан цагийн хуваарийг хүлээн зөвшөөрөх ажиллах хүчин хэрэгтэй байгаа юм.

Энэ жилийн ургацын улмаас Франц дарс үйлдвэрлэгч орнуудын жагсаалтад гуравдугаарт орж магадгүй байгаа аж. Гуравдугаар байр руу ухарч байгаа нь Франц үйлдвэрлэлийн бодит асуудалтай болсныг харуулж байна. Энэ өөрчлөлтийг бэлгэдлийн чанартай зүйл гэж ойлгох аргагүй. Эсрэгээрээ эдийн засгийн ухралт болж байна гэсэн үг.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүндрэлээс гадна францчуудын дарсны хэрэглээ ч өөрчлөгдсөн. 1960-аад онд францчуудын 50 орчим хувь нь өдөр тутамдаа дарс хэрэглэдэг байсан бол 2018 онд энэ тоо 10 хүрэхгүй хувь болж буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн