Мексикийн хойд хэсгийн Кулиакан хотод олон мянган хүн Ням гаригт /2026.09.13/ жагсаж, хотод газар авч буй хүчирхийллийг зогсоохыг шаарджээ. Синалоа мужид сүүлийн хоёр жилийн хугацаанд хүн амины хэрэг, сураггүй алга болсон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ нь Синалоагийн хар тамхины бүлэглэлийн хоёр фракц хоорондоо дайн эхлүүлсэнтэй холбоотой аж.
Жагсагчид цагаан хувцас өмсөж, сураггүй болсон гэр бүлийн гишүүдийнхээ зураг болон “Бид айдас биш, энх тайвныг хүсэж байна” гэсэн уриа барьжээ.
Синалоа мужид гурван сая гаруй хүн амьдардаг. Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар хоёр жилийн турш үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн тэдний өдөр тутмын амьдралд ноцтой нөлөөлсөн байна.
Хүчирхийллийн гол шалтгаан нь Синалоагийн хар тамхины бүлэглэлийн “Los Chapitos” болон “La Mayiza” гэсэн хоёр фракцын хоорондын тэмцэл юм. Энэ нь хоёр жилийн өмнө “La Mayiza” бүлэглэлийн толгойлогч Исмаэль “Эль Майо” Самбада АНУ-д баривчлагдсаны дараа эхэлжээ. Тодруулбал Синалоа картелийг үндэслэгч, зартай гэмт хэрэгтэн Хоакин “Эль Чапо” Гузманы хүү Эль Майогоос урвасан гэж “La Mayiza” үздэг. Улмаар Эль Чапогийн хүүтэй холбоотой “Los Chapitos”-той мөргөлдөөн хийх болсон байна.
Хоёр тал байнга нэгнээ отож, замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүс рүү буудах, ачааны машин барьцаалан зам хааж, улмаар галдан шатаах зэрэг үйлдэл гаргадаг аж. Энэ тэмцлийн улмаас Кулиакан хотын энгийн иргэд хохирч байна. Албан ёсны мэдээллээр муж даяар хүн амины хэрэг, сураггүй алга болохоос гадна дээрэм, мөнгө нэхэх гэмт хэргийн тоо ч нэмэгджээ.
5000 ГАРУЙ БИЗНЕС ХААГДЖЭЭ
Жагсаалыг хохирогчдын ар гэрийнхэн, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд болон Католик сүм хамтран зохион байгуулжээ. Бизнес эрхлэгч Серхио Эскерийн мэдээлснээр, мөргөлдөөн эхэлснээс хойш Синалоа мужид 5000 гаруй бизнес үйл ажиллагаагаа зогсоосон байна. Жагсаалын өмнө Кулиаканы бишоп мөргөлдөж буй хоёр талд хандан хүчирхийллээ зогсоохыг уриалжээ. Тэрбээр “Ямар их эрх мэдэл, мөнгө, газар нутаг, хүсэл тэмүүлэлтэй байсан ч хүний амьнаас илүү үнэ цэнтэй зүйл биш” хэмээн хэлсэн байна.
Жагсаалд өнгөрсөн долоо хоногт хотод болсон буудалцааны үеэр толгойдоо сумны шарх авч амиа алдсан нэг настай хүүгийн гэр бүлийнхэн мөн оролцжээ.
Хүчирхийллээс гадна Синалоа мужид улс төрийн зөрчилдөөн ч нэмэгдэж байна. АНУ-ын прокурорууд энэ оны дөрөвдүгээр сард мужийн захирагч Рубен Рочаг одоо болон өмнө нь төрийн алба хашиж байсан есөн хүний хамт “Los Chapitos” бүлэглэлтэй хамтран хар тамхи АНУ руу хууль бусаар нэвтрүүлэхээр хуйвалдсан гэж буруутгасан байна.
Роча буруутгалыг няцаасан бөгөөд Мексикийн прокурорууд уг асуудлыг шалгаж эхэлжээ. Тэрбээр гурван долоо хоногийн өмнө албан тушаалдаа эргэн орсон ч хэдхэн хоногийн дараа дахин чөлөө авах хүсэлт гаргасан байна. Үүний өмнө ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум цахим сүлжээндээ нэрийг нь шууд дурдаагүй ч “Зарчмаас ангид эрх мэдэл бардамнал болж хувирдаг” хэмээн бичжээ.
