АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Зеленскийгээс Оросын шатахууны дэд бүтцүүд рүү халдахгүй байхыг хүсчээ. Оросын томоохон боловсруулах үйлдвэрүүд дараалсан дроны цохилтуудад өртсөнөөр хүчин чадал нь мэдэгдэхүйц буураад байгаа билээ. Трамп Ирланд дахь айлчлалынхаа үеэр үг хэлэхдээ “Зеленский нэг л зүйл хийх хэрэгтэй байна. Тэр нь Оросын дизель түлшийг онилохоо болих явдал. Ямар ч байг онилж болно, дизель түлш л биш шүү. Үүнээс нь болж хомсдол үүсч байна. Хомсдол Ойрхи Дорнодоос болж үүсээгүй. Орос, Украинаас болж үүсээд байна” гэжээ.
АНУ, Израилийн Ираны эсрэг эхлүүлсэн дайнаас болж дэлхий даяар эрчим хүчний үнэ өсөөд байгаа билээ. Хамгийн сүүлийн байдлаар дэлхийн газрын тосны дундаж үнэ 108 ам.доллар хүрч өсөөд байна. АНУ-д дизель түлшний үнэ галлон нь зургаан ам.доллар хүрч, анх удаа түүхэн үзүүлэлт тогтоолоо.
Зөвхөн Украин гэлтгүй ОХУ ч эсрэг талынхаа эрчим хүчний дэд бүтцийг онилж буй. Тухайлбал, есдүгээр сары 13-нд Украин, Польшийн хилийн ойролцоох Ягодин хотод байрлах шатахуун түгээх станц цохилтод өртжээ. Шатахуун түгээх станцууд цохилтод өртөх нь ихэссэн тул байгууламжийнхаа гадна талаар төмөр тороор хамгаалалт татсан газар ч байгаа аж. Ягодины шатахуун түгээх станцыг онилсон нь Оросын терроризм Европын холбоо, НАТО-ийн хаалгыг шууд тогшсонтой адил гэж Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха хэлжээ. Үүний зэрэгцээ Ягодин нь барууны орнуудын цэргийн болон хүмүүнлэгийн тусламжийн ихээхэн хэсгийг Украинд хүргэдэг хилийн боомтуудын нэг юм.
