Борис Жонсон Украин руу энхийг сахиулах цэрэг илгээхийг уриалав

Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон тус улсыг болон Европын холбоотнууд байлдааны бус цэргүүдийг Украин руу нэн даруй илгээх хэрэгтэй гэж мэдэгдэв. Ингэснээр Барууны орнууд Украины эрх чөлөө, тусгаар тогтнолыг үнэхээр дэмжиж байгааг Владимир Путинд харуулна гэж тэрбээр үзэж байна.

Оросын бүрэн хэмжээний довтолгооны дөрөв дэх жилийн ойгоос өмнө ярилцлага өгөхдөө Жонсон цэргүүдийг тулалдаан явагдахгүй тайван бүсүүдэд, байлдааны бус үүрэгтэйгээр байрлуулж болно гэжээ. Тэрбээр “Хэрэв бид гал зогсоох хэлэлцээний хүрээнд үүнийг хийхэд бэлэн байгаа юм бол яагаад одоо хийж болохгүй гэж?” хэмээн хэлсэн байна. Bөн Барууны орнууд Украины эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэмжиж байгааг харуулахын тулд Украин руу цэрэг илгээхгүй байх ямар ч “логик шалтгаан” байхгүй гэж хэлэв.

Одоогоор Их Британи болон холбоотнууд зөвхөн гал зогсоох хэлэлцээ байгуулсны дараа энхийг сахиулах зорилгоор цэрэг илгээх талаар ярилцаж байгаа юм.

Орос улс үүнийг нөхцөл байдлыг хурцатгасан гэж үзэж магадгүй тул цэргийн төлөвлөгчид дайны үеэр цэрэг илгээх талаар олон нийтэд ярихаас зайлсхийж байна.

Путин Барууны энхийг сахиулагчдыг Украинд байрлуулах саналыг өмнө нь няцааж, гадаадын цэргүүд “хууль ёсны бай” болно гэж мэдэгдсэн.

Харин Украин болон түүний холбоотнуудын өмнөөс Путин нөхцөл заах ёсгүй гэж Жонсон мэдэгдэж байна. Тэрбээр “Энэ бол Украин чөлөөт улс мөн үү, үгүй юу гэдэг асуудал” хэмээн онцлоод, “Хэрэв тийм биш бол шийдвэрийг украинчууд өөрсдөө гаргана” гэж хэлсэн байна. Их Британийн Батлан хамгаалах яам гал зогсоосны дараа Украинд цэрэг илгээх бэлтгэл ажлыг холбоотнуудтай хамтран үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн.

Жонсон мөн энэ дайн нь Барууны өнгөрсөн алдаануудын үр дагавар гэж үзэж байна.

Тэрбээр 2014 онд Крымийг нэгтгэсний дараа Оросыг хатуу шийтгээгүй, Башар аль Ассад Сирид химийн зэвсэг хэрэглэсний дараа арга хэмжээ аваагүй, мөн АНУ Афганистанаас эмх замбараагүй байдал үлдээж гарсны дараа Путин зоригжиж Украин руу довтолсон гэжээ. Улмаар Путин Барууныг “сул дорой” гэж харсан гэж Жонсон үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн