“Маша ба баавгай” үлгэрийн бүтээгчдэд хориг арга хэмжээ авлаа

Украин улс алдарт “Маша ба баавгай” хүүхэлдэйн киноны бүтээгчдийг Оросыг дэмжсэн агуулгыг түгээсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэн хориг арга хэмжээ авлаа. Энэхүү хориг арга хэмжээгээр хүүхэлдэйн киног бүтээгч “Animaccord Animation Studio” болон тус студийн үндэслэгч, гүйцэтгэх захирал, киноны найруулагч, зохиолч, продюсерыг онилж байгаа юм.

Хориг арга хэмжээний тухай зарлигт Украины ерөнхийлөгч Зеленский наймдугаар сарын 20-нд гарын үсэг зуржээ. 

Зеленскийн хориг арга хэмжээний бодлогын зөвлөх Владыслав Власюк хэлэхдээ “Бид Оросын суртал ухуулгад, ялангуяа хүүхдүүдэд чиглэсэн, олон улсын томоохон платформуудаар дамжуулан түгээж байгаа зүйлсэд хариу үйлдэл үзүүлэх ёстой” гэжээ.

Зөвхөн Украин гэлтгүй Британийн хууль тогтоогчид ч ижил шалтгаанаар “Маша ба баавгай” хүүхэлдэйн киног эсэргүүцэж, Соёлын сайдад хүсэлт хүргүүлсэн тохиолдол хэдэн сарын өмнө гарсан.

“Animaccord Animation Studio”-ийн төлөөлөгч Меланье Бонвичино энэ буруутгалыг няцааж, Оросын засгийн газраас хамааралгүйгээр бие даан үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээ мэдэгджээ. Харин Кремль энэхүү хориг арга хэмжээний талаар мэдэгдэхдээ “Хүүхдийн киног онилж буйгаараа Киевийн дэглэм ямар тэнэг гэдгээ дахин баталлаа” гэсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн