БРЮССЕЛЬ, 2026 оны наймдугаар сарын 23 /Le Figaro/. Нефтийн компаниудын олж буй хэт их ашиг орлогод нэг удаагийн татвар ногдуулахыг Герман, Итали, Австри, Польш, Португал, Испани улсууд Европын Холбоонд /ЕХ/ хандан санал болгожээ.
Газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөж буйгаас үүдэн эдгээр компани их хэмжээний нэмэлт орлого олж байна гэж дээрх улсуудын сайд нар үзэж байна.
Дээрх таван улсын Сангийн сайд нар, мөн Испанийн Эдийн засгийн сайд Европын Холбооны зөвлөлийг даргалж буй Ирландын Сангийн сайдад энэ талаар захидал илгээжээ. Тэд 9 дүгээр сард Дублинд болох ЕХ-ны Сангийн сайд нарын уулзалтын үеэр уг саналыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахыг хүссэн байна.
Сайд нарын үзэж байгаагаар, нефтийн компаниудын орлого ба ашигт ажиллагааны түвшин нь түүхий нефтийн үнээс илүү хурдан өсөж байгаа ажээ. АНУ, Израилын Ираны эсрэг байлдааны ажиллагаа хоёрдугаар сард эхэлснээс хойш эрчим хүчний компаниудын ашиг орлого огцом өссөн юм. Дэлхий даяар хэрэглэж буй нефтийн багагүй хэсгийг тээвэрлэдэг Ормузын хоолой хаагдсан нь үүнд сөргөөр нөлөөлсөн билээ.
Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп их хэмжээний орлого олж буй ExxonMobil, Chevron компаниудыг шүүмжилж, үнээ бууруулахыг уриалсан юм.