Ervebo вакцины эхний хэсгийг БНАКУ-д авчирчээ

ПРЕТОРИА, 2026 оны наймдугаар сарын 23. /ТАСС/. Эбола вирусний эсрэг Ervebo вакцины эхний хэсэг болох 16 мянга 200 тун вакциныг БНАрдчилсан Конго улсын нийслэл Киншаса хотын олон улсын нисэх онгоцны буудалд тээвэрлэн авчирчээ.

Эбола вирусний Заир гэдэг омгийн эсрэг үр дүнтэй болох нь батлагдсан уг вакцины 70 мянган тунг тус улсад нийлүүлнэ гэдгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ саяхан мэдэгдсэн юм. Харин уг вирусний Бундибужио гэдэг омгийн эсрэг Ervebo вакцин хэр үйлчилгээтэй вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Канадын эрдэмтэд гарган авч, Merck компанид үйлдвэрлэж буй Ervebo (rVSV-ZEBOV) вакциныг 2018 оноос хойш эболагийн халдварын эсрэг хэрэглэж байгаа юм. Уг вакцины 20 мянган тунг ойрын үед БНАрдчилсан Конго улсад клиник туршилтад оруулах ба үлдсэн 50 мянгыг нь эболагийн халдвар дэгдсэн бүс нутаг дахь эмзэг бүлгийн иргэдийг вакцинжуулахад хэрэглэнэ. Ингэснээр тэдний биеийн дархлааг сайжруулна хэмээн мэргэжилтнүүд найдаж байна.

БНАрдчилсан Конго улсын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, эболагийн халдвараар 5375 хүн өвчилснөөс 2557 хүн нас барсан бөгөөд нас баралтын хувь 47.6 байна.

Тавдугаар сарын 15-нд БНАКУ, Угандад дэгдсэн уг өвчин Конгогийн зургаан мужид тархсан бөгөөд голомт нь Итури мужид байгаа юм. Харин 7 дугаар сарын 28-нд Угандагийн эрх баригчид мэдэгдэхдээ, тус улсад өвчний дэгдэлт зогссон гэжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн