Лаосын агуйд гацагсдаас 5 хүнийг нь аварлаа

Лаосын төв хэсгийн Ксэйсомбун муж дахь агуйд тавдугаар сарын 20-ний өдрөөс хойш гацсан долоон хүний тавыг нь аварч чадлаа. Аадар бороо орж, агуй үерлэн, хөрсний нуралт үүссэнээр агуйн гарц хаагдаад байсан. Лаос, Тайландын аврагчдын баг үлдсэн хоёр хүнийг аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. 2018 онд Тайландын агуйд гацсан хөлбөмбөгийн багийн хөвгүүдийг аврах ажиллагаанд оролцсон шумбагчид Лаосын ажиллагаанд нэгдсэн билээ.

Тус агуй нь газрын гүнд туйлын нарийхан тогтоцтой. Зарим хэсгээр өндөр нь ердөө 50 см хүрэх аж. Үүний зэрэгцээ усархаг, шаварлаг болсон тул аврагчдад амаргүй байгаа юм. Хүмүүс гарцнаас 300 метр орчим зайд гацсан байжээ.

Лаосын Хүмүүсийг аврах сайн дурын байгууллагын аврагч Бунхам Луанглат хэлэхдээ “Би одоо ч дагжин чичирч байна. Манай баг үүнийг хийж чадлаа. Бид таван хүнээ амьд мэнд олсон. Одоо үргэлжлүүлэн эрэн хайж буй хоёр хүн бий” гэжээ.

Долоон хүн анх алт хайж тус агуй руу орсон бөгөөд энэ нь орхигдсон алтны уурхай аж. Лаос улсад сүүлийн жилүүдэд алт, очир эрдэнэ, цагаан алт олборлох нь ихэссэн. АНУ-д төвтэй Стимсоны төв судалгааны байгууллагын мэдээлснээр, 2023-2025 оны хооронд Лаост энэ төрлийн 200 орчим уурхай нээгджээ. Гэвч байгаль орчны асуудалтай холбоотойгоор засгийн газар өнгөрсөн жилээс хойш алт олборлох шинэ зөвшөөрөл олгоогүй байна.

Лаосын агуйд гацагсдаас 5 хүнийг нь аварлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн