Умард Солонгос хиймэл оюуны удирдлагатай пуужингууд туршжээ

СӨҮЛ, 2026 оны 5 дугаар сарын 27 /Reuters/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны удирдлага дор тус улс орчин үеийн байлдааны ажиллагаанд зориулагдсан тактикийн баллистик пуужин, артиллерийн пуужингийн систем болон хиймэл оюун ухааны удирдлагатай, өндөр нарийвчлалтай далавчит пуужингуудыг туршсан тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг лхагва гарагт мэдээллээ.


Алсын тусгалт баллистик пуужингуудаа сайжруулан хөгжүүлж, цөмийн зэвсгийн хүчин чадлаа хэдийнээ нэмэгдүүлээд буй БНАСАУ тактикийн болон ердийн зэвсэглэлээ тасралтгүй шинэчилж байгаа бөгөөд тэдгээрийг БНСУ-тай залгаа хилийн бүсэд байрлуулахаа мэдэгдээд байгаа юм.


Энэ удаагийн туршилтаар тактикийн баллистик пуужингийн “тусгай үүрэгт цэнэгт хошуу”-ны хүчин чадал, алсын тусгалт пуужин харвагч системийн найдвартай байдал болон хиймэл оюун ухааны удирдлагатай тактикийн далавчит пуужингийн бай онох нарийвчлалыг үнэлж дүгнэсэн гэж тус агентлаг мэдээлэв.


“Манай зэвсэглэл болон автоматжуулсан харвах системүүд нь орчин үеийн дайны нөхцөл байдалд бүрэн нийцэхүйц болж, байлдааны ажиллагаанд ашиглах үр нөлөө нь дээшилсэнийг энэхүү туршилт харууллаа” гэж Хойд Солонгосын удирдагч мөн онцоллоо.


БНСУ-ын Зэвсэгт хүчний зүгээс баллистик болон бусад хэд хэдэн пуужин харвасныг мягмар гарагт илрүүлснээ мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн