Японы баруун өмнөд хэсгийн Кумамото мужид болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш хоёр сар өнгөрсөн ч 1500 гаруй хүн түр хоргодох байранд амьдарч байна. Тус мужийн захиргааны мэдээлснээр, Баасан гаригийн /2026.09.25/ байдлаар 32 түр хоргодох байранд нийт 1514 хүн байрлаж байгаа аж.
Кумамото мужид долдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлтийн улмаас 38 хүн амиа алдсан. Үүнд газар хөдлөлтийн шууд нөлөөнөөс бус, гамшгийн дараах нөхцөл байдлаас шалтгаалсан нас баралт мөн багтжээ.
Газар хөдлөлтийн хүч Японы хэмжүүрээр хамгийн дээд түвшин болох 7 баллд хүрсэн билээ. Үүний улмаас нийт 71,518 орон сууц, барилга байгууламж эвдэрч, үүнээс 9540 нь бүрэн буюу хэсэгчлэн сүйджээ.
Гэвч одоогоор 10,663 барилгын хохирлын үнэлгээ дуусаагүй байна. Мөн эвдэрсэн байшин, орон сууцыг төрийн хөрөнгөөр буулгах зөвшөөрөл ердөө 776 тохиолдолд олгогджээ.
Гэсэн хэдий ч сэргээн босголтын ажил аажмаар үргэлжилж байгаа аж. Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон иргэдийн зарим нь түр орон сууцанд шилжин суурьшиж эхэлжээ.
Мөн Кюүшюү Шинкансэн хурдны галт тэрэгний шугамын хөдөлгөөн бүрэн сэргэсэн байна. Ийнхүү гамшгаас хойш хоёр сар өнгөрсөн ч олон мянган барилга эвдэрсэн хэвээр байгаа бөгөөд 1500 гаруй хүн гэртээ харьж чадахгүй, түр хоргодох байранд амьдарсаар байна.
