ХҮМҮҮС
“NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” булангаараа дэлхий дахины дайныг дэмжигч гэж алдаршсан дуучныг онцолж байна. Тэрбээр саяхан шинэ клипээ цацсан бөгөөд үүнд ОХУ-д “гадаадын агент”, “эх орноосоо урвагч” гэж цоллуулаад буй хүмүүсийг “AI” ашиглан дуулж буй мэт харагдсан байна. Тэгвэл энэхүү дуучин хэн болох, яагаад дайныг дэмжигч гэж тодорхойлогдох болсон талаар мэдээлэл хүргэе.
Ярослав Юрьевич Дронов буюу тайзны нэрээрээ Шаман (SHAMAN) гэж танигдсан тэрбээр Оросын дуучин, дуу зохиогч, хөгжмийн продюсер юм. Шаман 2022 онд Орос-Украины дайны эхэн үеэр гаргасан “Встанем”, “Я Русский” зэрэг эх оронч өнгө аястай дуунуудаараа өргөн танигдсан. Оросын төрийн өмчит Олон нийтийн санаа бодол судлах төвийн (ВЦИОМ) 2022 оны санал асуулгаар түүнийг тус улсын хамгийн алдартай дуучдын жагсаалтын хоёрдугаарт бичсэн байдаг. Мөн эх оронч өнгө аястай, дайныг дэмжих суртал ухуулгад идэвхтэй оролцсон тул 2024 онд Шаманд “ОХУ-ын гавьяат жүжигчин” шагналыг олгосон байна.
“РУССКИЙ” ШАМАН

Шаман 1991 оны арваннэгдүгээр сарын 22-нд Новомосковск хотод төржээ. Тэрбээр дөрвөн настайгаасаа эхлэн дуу хөгжмөөр хичээллэж, ардын дууны чиглэлээр хөгжмийн коллеж төгссөн төдийгүй 15 настайгаасаа нутгийнхаа нэгэн ресторанд дуулж эхэлжээ. Дараа нь тэрбээр 2013 онд “Faktor A”, 2014 онд “The Voice Russia” телевизийн уралдаанд оролцож, олон нийтэд танигдаж эхэлсэн байна. Харин 2020 онд Шаман гэх тайзны нэрийг албан ёсоор ашиглаж эхэлжээ. Тэрбээр 2022 онд “Встанем” дуугаа гаргаснаар алдар нэр нь улам танигдаж, жинхэнэ орос гэгдэх болов. Уг бүтээл нь Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдэд зориулсан байсан. Дараа нь “Я Русский” дуугаа гаргасан нь олон сая үзэлт авчээ.
Шаман Оросын Украинд явуулж буй дайныг дэмжиж байгаагаа илэрхийлж, Кремлийн зохион байгуулсан арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог болсон. Тэрбээр мөн Оросын хяналтад байгаа Украины нутаг дэвсгэрүүдэд тоглолт хийж байв. 2023 онд түүний “Мой бой” дууны клип олон сая үзэлт авсан ч зарим хүмүүс уг бүтээлийг шүүмжилжээ. Учир Адольф Гитлерийн “Миний тэмцэл” номтой адилхан, сэдэвчилсэн байна гэж үзсэн аж.
Шаман мөн 2023 оны сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины 2024 оны сонгуулийн кампанит ажлыг дэмжихээр сонгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн жагсаалтад багтсан байв.
Дараа жил нь тэрбээр Оросын хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станцын ажилтнуудад зориулсан тоглолтод оролцжээ. Мөн 2025 оны наймдугаар сард БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод болсон Солонгосын чөлөөлөгдсөний 80 жилийн ойд зориулсан тоглолтод оролцсон байна.
Шаманы хувийн амьдрал адармаатай гэж хэлэгдэхээр. Тэрбээр анхны эхнэр Марина Рощупкинатай 2012-2016 оны хооронд хамт амьдарч, нэг охинтой болсон. Гэвч салснаасаа нэг жилийн дараа өөрөөсөө 14 насаар эгч Елена Мартыноватай гэрлэсэн. Мартынова нь Оросын харилцаа холбооны салбарт ажиллаж байсан бөгөөд олон нийттэй харилцах, брэнд хөгжүүлэлтийн чиглэлээр удирдах албан тушаал хашиж байжээ. Тэд найман жил хамт амьдарсан бөгөөд Шаман дараа нь 2025 оны гуравдугаар сард Оросын “Аюулгүй интернэтийн лиг” байгууллагын захирал Екатерина Мизулинатай үерхэж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Шаман, Мизулина нар 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд Донецк хотод гэрлэжээ.
“Z-POP”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Тэрбээр олон нийтийн үйл ажиллагаанд “Z” тэмдэгтэй хувцас, хэрэглэл ашиглаж харагддаг. Энэ нь Оросын Украинд явуулж буй дайны бэлэг тэмдэг бөгөөд зарим улс оронд хориглогдсон. Шаман мөн Оросын цэргийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө мөнгө босгох, хангамж цуглуулах ажилд идэвхтэй оролцдог байна.
Тэрбээр концерт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэгчдэдээ дайны хүчин чармайлтыг дэмжих үйлсэд хандив өргөхийг уриалдаг.
Шаман өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт (2026.05.28) “Россия Мама” дуугаа гаргасан. Уг дуугаа танилцуулах үеэрээ тэр цахим хуудастаа “Кремлийг шүүмжилдэг хүмүүсийг Оросын ард түмэн хэзээ ч уучлахгүй” гэж бичиж, “Орос улсаас хэзээ ч урвах ёсгүй” гэж мэдэгдсэн байна. Дууны клипэнд Шаман аюулгүй байдлын байгууллагын өрөөг санагдуулам орчинд сууж, Кремлийн шүүмжлэгчид болох Михаил Ходорковский, Юрий Дудь, Земфира, Noize MC, Олег Тиньков нарын зураг, материалыг үзэж буйгаар дүрслэгджээ. Клипийн төгсгөлд Шаманы толгой руу мэргэн буудагчийн дуран чиглүүлсэн дүрс гардаг байна.
Уг клипны хариуд Кремлийг шүүмжлэгч, бизнесмен асан Михаил Ходорковский мэдэгдэл хийж, өөрийн эх орон нь ЗХУ байсан бөгөөд Украины дайныг эхлүүлсэн хүмүүсийг дайсан гэж үздэгээ илэрхийлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Шаман эх оронч, цэрэгжилтийг дэмжсэн уран бүтээл гаргаж амжилт олдог. Төрийн дэмжлэгтэй тоглолтуудад оролцохоос гадна олон нийтийн болон хувийн тоглолтоосоо өндөр хөлс авдаг. Ялангуяа тэрбээр залуу үеийнхэнд нөлөөлөхийг зорьж байгаа бөгөөд түүний энэ зорилгыг Оросын Соёлын яам ч дэмжинэ гэдгээ нээлттэй мэдэгдсэн байна.
ОЛОН УЛСЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ
Шаман дайныг дэмжсэн байр суурьтай холбоотойгоор хэд хэдэн улсын хориг арга хэмжээнд өртжээ. Латви улс 2023 оны гуравдугаар сард түүнийг болон Оросын дайныг дэмждэг бусад уран бүтээлчдийг улсдаа нэвтрүүлэхийг хориглосон байна. Мөн 2023 оны долоодугаар сард Канад улс түүнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулжээ. Дараа жилийнх нь зургаадугаар сард Европын холбоо Кремлийн зохион байгуулсан тоглолтууд, тэр дундаа Оросын хяналтад байгаа Украины бүс нутгуудад Шаманыг тоглолт хийсэнтэй нь холбогдуулан хориг арга хэмжээ авсан байна. Үүний дараа түүний “YouTube” суваг болон “Spotify” дахь уран бүтээлчийн хуудас хаагджээ. Харин Шаман 2024 оны долоодугаар сард “YouTube” сувгийг нь хаасныг эсэргүүцэн Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо тоглолт зохион байгуулсан байна. Энэхүү үйлдлийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сайшаасан байдаг.
Шаман бол зүгээр ч нэг уран бүтээлч биш. Тэрбээр Кремлийн суртал ухуулгын “уран бүтээлч”.
Түүний дуугаар дамжуулан Кремль олон нийтийн санаа бодлыг өөрчилж, дайныг дэмжүүлсээр байх стратегийг хэрэгжүүлж байна. Шаман үндэсний бахархлын мэдрэмжийг төрүүлж, мөргөлдөөний бодит байдалтай тэмцэж буй хүн амд дуугаараа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь түүнийг Оросын засгийн газрын суртал ухуулгын үнэ цэнтэй хөрөнгө болгож байна.