ХҮМҮҮС
Болгарын поп уран бүтээлч Дара Вена хотын Винер Стадталлед болсон “Eurovision-2026” тэмцээний Гранд финалын шатанд “Bangaranga” дуугаа өндөр эрч хүчтэйгээр дуулж, шүүгчдийн болон олон нийтийн сэтгэлийг татаж чадсан юм. Дарагийн Анн Жудит Вик, Кристиан Тарчаа, Димитрис Контопулос нартай хамтран бичсэн энэхүү дуу нь рэп болон бханграгаас санаа авч, хослуулсан бөгөөд бүжгийн дэглэлт нь хүчтэй өгүүлэмжийг агуулсан байв. Тэгвэл “NEWS” агентлагийн “ХҮМҮҮС” буландаа “Eurovision-2026”-ийн ялагчийг онцолж байна.
Тайзны нэрээрээ Дара гэж алдаршсан Дарина Николаева Йотова нь 1998 оны есдүгээр сарын 9-нд Болгарын Варна хотод төржээ. Тэрбээр багаасаа дуу хөгжимд дуртай байсан бөгөөд долоон настайдаа Болгарын уламжлалт ардын дууг сонирхож, дуулж эхэлсэн. Хожим нь орчин үеийн поп урсгалд татагдсан аж. Тэрбээр Варна дахь Добри Христовын нэрэмжит Урлагийн Үндэсний сургуульд ардын дуулаачийн чиглэлээр суралцаж, Болгарын уламжлалт дуулах арга барилыг эзэмшсэн байна. Дара 2015 онд Болгарын “The X Factor” шоуны финалд шалгарснаар олонд танигджээ. Дараа нь 2016 онд “Virginia Records” студитэй хамтран “K’vo ne chu” нэртэй анхны синглээ гаргаснаар дуучны замналаа бататгажээ. Гэхдээ тэрбээр хэзээ ч өөрийгөө нэр хүндтэй “Eurovision” тэмцээнд түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй бөгөөд ялалт байгуулсан явдал нь болгарчуудын хувьд бахархам явдал боллоо. Дарагийн хувийн амьдралын талаарх мэдээлэл элбэг биш ч тэр 2025 онд эмч, эм судлаач Эрвин Ивановтой гэрлэжээ.
АМЖИЛТЫН ЗАМНАЛ

Дара сүүлийн жилүүдэд эх орондоо хамгийн нэр хүндтэй поп уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогдох болжээ. Тэрбээр анхны сингл болох “K’vo ne chu” дуугаа гаргаснаар хурдан хугацаанд Болгарын хөгжмийн чартыг тэргүүлэх болсон. Үүний дараа тэрбээр олон улсын сонсогчдод зориулан уг дууны англи хувилбар болох “Onto You”-г танилцуулжээ. Эл цагаас хойш Дара “Rodena takava,” “Nedei,” болон “Vse na men” зэрэг олон хит бүтээл гаргаж, дуу клипнүүд нь цахим орчинд сая сая хандалт авч, дэлхий даяар фентэй болсон юм.
Тэрбээр телевизийн салбарт ч амжилт үзүүлсэн. Тухайлбал, 2020 онд “Your Face Sounds Familiar” шоуны Болгар хувилбарт оролцож, финалд гуравдугаар байр эзэлжээ. Харин 2021 оноос эхлэн “The Voice of Bulgaria” шоуны дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн байна. Түүний багийн хоёр оролцогч дараалан түрүүлснээр Дара тус шоуны хамгийн амжилттай дасгалжуулагчдын нэг болсон юм.

Тэрбээр 2022 онд анхны цомог болох “Rodena takava”-гаа гаргаж, София хотын “Joy Station”-д амьд тоглолтоо зохион байгуулжээ. 2024 онд “Dancing Stars” шоунд оролцон дэд байрт шалгарсан байна. Мөн тэр жилдээ дэлхийн алдарт дуучин Робби Уильямсын София дахь тоглолтын нээлтийн үзүүлбэрийг хийхээр сонгогджээ. Дара карьерынхаа хугацаанд олон шагнал хүртсэний дотор 2018 онд “BG Radio Music Awards”-аас “Шилдэг эмэгтэй уран бүтээлч” шагналыг хүртсэн нь онцлох амжилт болсон юм.
ТҮҮХЭН ЯЛАЛТ
Дара “Eurovision-2026” дууны тэмцээнд түрүүлж, эх орныхоо хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр энэ оны эхээр Болгарын үндэсний шалгаруулалтад оролцож, нэгдүгээр сарын 31-нд болсон хоёр дахь шууд нэвтрүүлэгт ялалт байгуулсан. Улмаар Вена хотноо зохион байгуулагдсан тэмцээнд улсаа төлөөлөх эрхтэй болсон юм. Дара тус тэмцээний хагас шигшээд тэргүүлсэн бөгөөд финалын шатанд нийт 516 оноо авснаар ялалтаа бататгасан.

Дарагийн энэхүү ялалт Болгарын нийгэмд эв нэгдлийн онцгой мөчийг авчирсан. Тухайлбал, олон хүн түүний ялалтыг 1994 онд Болгарын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлж байсан үеийн баяр хөөртэй зүйрлэжээ. Финалын өмнө Болгарын ерөнхийлөгч Илиана Йотова Дарад дэмжлэг илэрхийлэн, “Чи аль хэдийн бүх болгарчуудын зүрхэнд тэргүүн байр эзэлсэн. Одоо Европыг ч байлдан дагуулах болно” хэмээн бичсэн байна. Дара Болгарыг төлөөлөн “Eurovision”-д оролцох тухайгаа ярихдаа, “Энэ бол Болгарын уран бүтээлчид, дуу зохиогчид болон бүтээлч салбарынхныг дэлхийд таниулах томоохон боломж” хэмээн онцолж байжээ.