ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” нэртэй үзэсгэлэнг гуравдугаар сарын 19-нд нээжээ. Энэхүү үзэсгэлэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 2026 оныг “Ард түмний эв нэгдлийн жил” болгон зарласантай уялдан зохион байгуулж буй бөгөөд Кремлийн музейн 220 жилийн ойд зориулсан онцлох томоохон арга хэмжээний нэг аж.
Мөн ОХУ-д Чингис хааны нэрээр нэрлэсэн анхны албан ёсны үзэсгэлэн гэдгээрээ онцгой ач холбогдолтойд тооцогдож байна.
Үзэсгэлэнд Чингис хаан болон түүний удмынхны Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Оросын улс төр, нийгэм, соёлын хөгжилд үзүүлсэн нөлөөг олон талт эх сурвалж, дурсгалуудаар дамжуулан харуулжээ.
Үзэсгэлэнд нийт 150 гаруй ховор, үнэт үзмэр дэлгэсэн бөгөөд эдгээр нь тухайн үеийн төрийн зохион байгуулалт, цэргийн урлаг, дипломат харилцаа, соёлын солилцооны онцлогийг илтгэн харуулж байна. Судлаачдын үзэж буйгаар, Чингис хаан болон түүний угсааныхан байлдан дагуулалтын явцдаа зөвхөн цэргийн хүчээр бус, харин тухайн ард түмний шашин шүтлэг, ёс заншил, уламжлал, үнэт зүйлсийг хүндэтгэх бодлого баримталж байсан нь түүхэн сурвалж бичиг, археологийн олдворуудаар батлагддаг. Энэ нь тэдний байгуулсан эзэнт гүрний тогтвортой байдал, өргөн уудам нутагт соёлын харилцан нөлөөлөл бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
Тус үзэсгэлэн нь XV–XVII зууны үеийн Оросын хаант улс дахь Чингис хааны удмынхны байр суурь, нөлөөг тодотгохоос гадна Монголын эзэнт гүрэн болон Алтан Орд улсын өв уламжлал, Орос-Татарын харилцааг шинэ өнцгөөс тайлбарлан харуулахыг зорьжээ. Үзэсгэлэнд Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Оросын үндэсний номын сан зэрэг Оросын 10 гаруй музей, номын сангийн сан хөмрөгөөс бүрдсэн Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улстай холбоотой 150 гаруй шилмэл үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Мөн өнөөгийн Оросын нутаг дэвсгэрт хадгалагдан үлдсэн, Чингис хааны удмынхантай шууд холбоотой түүхэн өв дурсгалуудыг анх удаа олон нийтэд толилуулж байна. Тус үзэсгэлэн 2026 оны долдугаар сарын 19-н хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөр, эрдэм шинжилгээний хэлэлцүүлгүүдийг цувралаар зохион байгуулахаар төлөвлөжээ.







