Дэлхийн яруу найргийн өдрийг угтан МУИС-ийн утга зохиолын нэгдлийн гишүүдийн яруу найраг, уран зохиолоос тэдэнд төрдөг мэдрэмж, сэтгэгдлийг хуваалцъя.

АМЬДРАЛЫГ АЖИГЛАЖ, БАС ЭРГЭЦҮҮЛЖ БОЛДОГ
Өлзийдэлгэрийн Сумъяа. МУИС-ийн Утга зохиолын ангийг төгссөн. Номын орчуулагч, редактор.
Утга зохиолтой хэрхэн холбогдсон бэ?
-Багадаа монгол хэлний хичээлдээ сайн хүүхэд байсан. Тавдугаар ангиасаа хойш монгол хэлний долоо хоногоор зарладаг шүлгийн уралдаанд сэдвийнх нь дагуу шүлэг бичээд л дандаа түрүүлчихдэг байлаа. Гэхдээ хэзээ ч өөрийн хүслээр, өөрийн мэдрэмжийг илэрхийлж бичээгүй гэдгээ МУИС-ийн Утга зохиолын нэгдэлд ороод мэдэрсэн. Бас өөртэйгөө адилхан үгсийн сайхныг мэдэрдэг хүүхдүүдийг хараад маш их баярлаж байсан.
Утга зохиолд дурлах болсон гурван шалтгаан.
Хүнтэй шууд харилцалгүй хүмүүсийн тухай мэдэж болно. Өөрөө туулж үзээгүй амьдралыг ажиглаж, бас эргэцүүлж болдог. Уншаад эхлэхээр цаг хугацаа, орон зайд хязгаарлагдахгүй болно.
Өөрийн нэг шүлгээ онцолбол.
Унтаж байхад минь дэрэн доогуур шургуулсан шиг
Урган төлжиж гүйцсэн гэрэлт цагаан бодол сэрлээ.
Би ийн амьдарсаар нэгэн сайхан цагаан үс ургуулна
Би ийн амьдарсаар нэгэн мөнгөн нулимс дуслуулна.
Сэтгэл минь заримдаа нугасан завсраа тээглэдэг
Сэтгэл минь хааяа өлмийд ойчиж, би бүдэрдэг
Сэтгэл минь хааяа ганцаар далайд гараад
Сэлүүрээ тэнгист хаяж, намайг энд нь өнчрүүлдэг.
Харин одоо, яг одоо
Хаана байгааг нь мэдэхгүй байна.
Харин одоо, яг одоо
Хаана байгаагаа мэдэхгүй байна.

УТГА ЗОХИОЛ ГЭДЭГ ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТ ТАЛБАР
Раашийн Батхишиг. МУИС-ийн Утга зохиолын ангийг төгссөн. Идэр их сургуулийн уран зохиолын багш
Утга зохиолтой хэрхэн холбогдсон бэ?
-Багадаа шүлэг, дуунд маш их сонирхолтой хүүхэд байлаа. Нэгдүгээр ангид ороод сурах бичигт байсан бүх шүлгийг цээжилж билээ. Анги дэвшээд аав ээждээ үе үе захиа бичдэг болж, захиандаа заавал шүлэг зохиож бичдэг, тэгээд аав ээжийнхээ баярлан догдлохыг хараад улам хичээж бичдэг байсан минь хамгийн нандин үе. Анхны шүлгээ гуравдугаар ангидаа бичиж, түүнээс хойш яруу найрагт улам бүр дурлаж, гадна дотнын яруу найрагчдын талаар судалж эхэлжээ. МУИС-ийн оюутан болоод хоёрдугаар дамжаанд орсныхоо дараа Утга зохиолын нэгдэлд элсэж байлаа. Өнгөрсөн жил яагаад мэдэлгүй өнгөрөөчхөв гэж ихэд харамсаж, их сургуулиа төгстлөө нэгдэлд явсан. Ичимхий учраас бусад шигээ бичсэн шүлгээ уншихаас цэрвэдэг, гэлээ ч найзууд холгосоор байгаад хаа нэг уншуулж дөнгөдөг байв. Ер нь тэр үеэс л бичсэн шүлгээ бусдад уншуулж, олны өмнө сандралгүй уншиж сурсан. Тэнхимийнхээ багш нар болон нэгдлийнхээ залуусаас олон зүйлийг сурч, найзуудтайгаа олон дурсамжийг бүтээсэн. Одоо ч нэгдлийнхэнтэйгээ цугладаг байсан газруудаар хааяахан очиж, тэнд бичсэн шүлгүүдээ уншиж, сэтгэлээ сэргээж, тархиа цэнэглэдэг.
Утга зохиолд дурлах болсон гурван шалтгаан.
-Миний хувьд үлгэрт маш их дуртай, бүр хайртай хүүхэд байсан маань уран зохиол, номонд умбах нэг шалтгаан болсон. Мөн ээж аав маань биднийг багаас номд шимтүүлж өсгөсөн учраас ном уншина гэдэг амьдралын минь хамгийн чухал дадал болсон. Тиймдээ ч өөр мэргэжилтэй болчихвол уншихаа больчих юм шиг санагдаад энэ салбарыг удиртган сонгосон.
Өөрөөсөө өөр ертөнцүүдийг нээн илрүүлж, шинэ зүйлсийг танин мэдэж, хүний амьдралын олон өнгийг харах, баригдмал бус, өөрөөрөө байх, чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог, хамгийн эрх чөлөөт талбар гэж хардаг учраас утга зохиолд яахын аргагүй хайртай.
Өөрийн нэг шүлгээ онцолбол.
Ганьхарсан гэмээр салхи аяар аяар сэвшинэ.
Гадаа хэчнээн намуухан атлаа бүүдгэр байна вэ?
Дуу тасардаггүй энэ гэрэлт гудамжны орчимд
Дутуу бичсэн шүлэг шиг хоосорч…
Үнэндээ, Би л үлджээ.

ТЭВЧЭЭР, ЧИН ХҮСЭЛ, МЭДРЭМЖ СУУЛГАДАГ
Пүрэвдоржийн Буянцогт. МУИС-ийн Хэл шинжлэлийн ангийг төгссөн. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.
Утга зохиолтой хэрхэн холбогдсон бэ?
Анх шүлэг унших дуртай байсан. Яваандаа бичих сонирхолтой болсон.
Утга зохиолд дурлах болсон гурван шалтгаан.
Ганцаар орон зайг сонсох, мэдрэх, ойлгох боломж олгодог. Тэвчээр, чин хүсэл, мэдрэмж суулгадаг. Бас уужуу тайван, аядуу дөлгөөн, наана цаанатай байхыг заадаг шиг санагддаг.
Өөрийн нэг шүлгээ онцолбол.
Хамт нар жаргахыг харлаа.
Хачин юм даа чиний илч
Маргаашийн нар л лав миний нүднээс мандана даа.

МӨН ЧАНАР, АМЬД, МЭДРЭХҮЙ
Энхболдын Ганбаяр. МУИС-ийн “Утга зохиол судлал” хөтөлбөрөөр суралцдаг.
Утга зохиолтой хэрхэн холбогдсон бэ?
-Цаг хугацаа бүр оршин байх, оршин байхгүйн давлагаан дунд туучна. Тэрхүү туучих урт замын аялалд би таарсан хэрэг л дээ, тэгээд л тэр.
Утга зохиолд дурлах болсон гурван шалтгаан
-Мөн чанар, Амьд, Мэдрэхүй гэсэн гурван үгээр илэрхийлмээр байна.
Өөрийн нэг шүлгийг онцлооч.
“Хүүе” гэхийн завдалгүй дуусчихдаг цаг хугацаа.
Хоолоо идэж, махаа хуурч байхад ч унтаж л байдаг “цаг” хугацаа.
Хуцаж, улих нохойн дууг ч гацааж чаддаг цаг хугацаа.
Хугацаа нь дууссан миний амьдралыг уртасгаж өгдөг цаг хугацаа.

УРАН ЗОХИОЛ БИДНИЙ ХАНЬ НӨХӨР
Батбарын Санчир МУБИС-ийг Хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.
Утга зохиолтой хэрхэн холбогдсон бэ?
Анх Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”-г уншиж яруу найрагтай уулзаж байлаа. Юу ч мэдэхгүй хүүхэд уншаад, яг дуурайлган бичиж, өчнөөн дэвтэр дуусгасан. Хөдөөгийн тухай ойлголтгүй хэр нь уул усны тухай зөндөө бичсэнээ сайн санадаг юм. Оюутан болоод яруу найраг зөвхөн Чойномоор хязгаарлагдахгүй гэдгийг ойлгосон.
Утга зохиолд дурлах болсон гурван шалтгаан
Утга зохиол бол хайртай хүмүүсээ умарталгүй санаж явах, цаг хугацаанд сануулах, тэднийг мөнх амьдруулах боломжтой гэж боддог учраас дурладаг. Уран зохиол бидний хань нөхөр гэж итгэдэг. Бидний хэзээ ч дуусахгүй мөнхийн шаналгааг мартагнуулдаг. Оюутан байхад уран зохиолын багш минь өмнө нь миний хэзээ ч харж байгаагүй өнцгийг нээж өгсөн. Утга зохиолыг өөр талаас нь харах хэвшмэл биш олон ургалч үзэл санааг төлөвшүүлсэн. Одоо ч гэсэн яг надад нөлөөлж чадсан шигээ олон залуусд үзэл санаа түгээж яваа.
Өөрийн нэг шүлгийг онцлооч.
Доголон чоно шиг л хотоор нэг алхаж байна
Дордуулчихгүй гэсэндээ шархаа долоогоод явж байна
Төмөр ширэнгийн анчдаас олсон хуучин сорвио
Төмрийн зэвтэй усаар угааж байна
Хайртай гэдэг үгээр хурц үзүүртэй мэс хийж
Над шиг чононуудыг эндхийн гөрөөчид агнаж байна
Зугтах газаргүй болсон тэдгээр эрсэд
Зуун граммын хундага 0.5-н хараа соёрхол чингисийн шилнүүд
Эхийн хэвлий шиг санагдаад
Тэндээ нуугдаж байна
Алба юм шиг дандаа аравдугаар хороололд шарх авч
Танай гэрийн үүднээс хөлөө чирээд буцаж байна
Цөхөрч шаналсан чононыхоо хэлээр
Дөрвөн буудал газар гасалж байна
Дутуу алчихсан араатны амьсгал шиг
Дээр нь нэмээд балгачихсан явна
Доголон чоно шиг л хотоор нэг алхаж байна
Дордуулчихгүй гэсэндээ шархаа долоогоод явж байна
Өршөөлгүй ав хоморгоос дайжин амь хорогдох гэж
Өмнө нь аавыг шархдуулсан анчин эмэгтэй рүү
Шархадсан сэтгэлээ чирээд очиж байна
Очиж байна би тань руу очиж байна
Таны шархдуулж орхисон аавынхаа дүрээр
Оройхон танд үнсүүлэх гээд очиж байна…