“Хурд” хамтлаг 35 жилийнхээ ойг угтан мюзикл бүтээнэ

Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзиклын уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтын өнөөдөр /2026.03.23/ албан ёсоор зарлалаа. Тус төслийн хүрээнд бүрэн хэмжээний тайзны мюзикл бүтээж, 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо нээхээр төлөвлөж байна.

Мюзикл нь Монгол Улсад анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг Монголд нутагшуулах, мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд толилуулах зорилготой. Цаашид уг бүтээлийг Англи, Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилттой гэдгийг уран бүтээлчид онцолсон юм.

ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дахь продюсераар ажиллаж, дүрийн сонгон шалгаруулалт, дууны болон гэрэлтүүлгийн дизайн, хөгжмийн дуугаралт, техникийн шийдэл, бүжиг дэглээчээр мэргэшсэн Британийн мастер уран бүтээлчдийг сонгон ажиллуулна. Тэд Монголд уригдан, Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах хугацаандаа театр, урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер сургалтуудыг зааж, Монголын хөгжмийн театрын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна. Продюсерын баг Британийн уран бүтээлчдийг 2026 оны дөрөвдүгээр сард зарлахаар төлөвлөж байна.

Мөн дүрийн шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжигчид уран бүтээлчид болон Монголын сор болсон залуу уран бүтээлчдийг шалгаруулан оролцуулна. Төслийн монгол баг,

  • Төслийг санаачлагч: Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг
  • Ерөнхий продюсер: МУГЖ Д.Отгонбаяр (Төрийн соёрхолт Хурд хамтлагийн гитарчин)
  • Продюсер: Ж.Өнөрмаа (ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер)
  • Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул (Хурд хамтлаг)
  • Уран сайхны удирдагч: СТА Б.Анхбаатар (ПРО Театрын найруулагч, жүжигчин)
  • Ерөнхий найруулагч: СТА Б.Даваасүрэн (ПРО Театрын найруулагч, жүжигчин)
  • Хөгжмийн найруулагч: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбат
  • Зохиолч: Г. Бадамрагчаа
  • Зөвлөх: Төрийн шагналт МУГЖ, Н.Наранбаатар

Төслийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын мюзиклын чиглэлээр мэргэшсэн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд 2026 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 4-ний хооронд найруулагч Б.Даваасүрэн, Б.Анхбаатар, төслийн менежер, продюсер О.Мөнхтуул нар Их Британид уран бүтээлийн судалгааны аялал хийж, дэлхийн театр, мюзиклийн гол төв болох “West End”-д 10 гаруй жүжиг, мюзиклыг үзэж туршлага судалжээ. Тэд Британийн уран бүтээлчидтэй уулзаж, дүр шалгаруулалт, зохиол хөгжүүлэлтийн талаар санал солилцож, тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэрэг техникийн шийдлүүдтэй танилцсан байна.

“Хурд” хамтлагийн бүтээх энэхүү мюзикл нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, Монголын рок хөгжим болон орчин үеийн тайзны урлагийг дэлхийн түвшинд гаргах стратегийн ач холбогдол бүхий соёлын уран бүтээл гэдгээрээ онцлог бөгөөд төсөлд төрийн болон хувийн хэвшил, хувь хүмүүстэй хамтран ажиллах бүрэн нээлттэй гэнэ.

 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбоо барих:
Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул
И-мэйл: [email protected]
Утас: +976 86053013

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн