ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 14 /TASS/. Төв засгийн газартай, тэр дундаа батлан хамгаалахын асуудлаар хамтран ажиллахыг дэмждэг 42 настай Кожя Гэнта Окинава мужийн шинэ захирагчаар сонгогдсоны дараа Японы засгийн газар хамгийн өмнөд арал болох Окинава орчмын цэргийн бэлтгэл сургуулилалтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Японы эрх баригчид Окинава мужийн баруун өмнөд арлуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх нь нэн даруй шийдвэрлэх зорилт гэж үзэж байгаа тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ. Тайваньтай ойр орших яг энэхүү бүс нутаг нь сүүлийн үед Японы батлан хамгаалах үйл ажиллагааны гол төв болоод байгааг тус агентлаг онцолсон байна. Тодруулбал, Йоногүни, Мияко, Ишигаки арлуудад цэргийн баазуудыг ээлж дараалан байгуулсан байна. Мөн Окинавагийн гол арал дээр байрладаг Японы хуурай замын цэргийн 15 дугаар бригадыг дивизийн хэмжээнд хүргэж өргөтгөжээ.
Тус бүс нутагт хөлөг онгоц эсэргүүцэгч шинэ төрийн пуужингууд болон зенитийн пуужингууд, радио-электроникийн хамгаалалтын цогцолборуудыг байрлуулж байгаа ажээ. Мөн АНУ-ын тэнгисийн явган цэргийн хөдөлгөөнт анги нэгтгэлүүдийг ээлжлэн байрлуулж магадгүй байна. Эрх баригч Либерал-ардчилсан намтай хамтран ажиллах байр суурийг баримталдаг хүн Окинава мужийн шинэ захирагчаар сонгогдсон нь аюулгүй байдлыг хангах үүднээс авч үзвэл маш чухал үйл явдал гэж Японы эрх баригчид үзэж байгаа ажээ. Окинавагийн өмнөх захирагч Тамаки Дэнни нь АНУ-ын тэнгисийн явган цэргийн Фүтэмма агаарын баазыг арлаас гаргахыг дэмжих зэргээр төв засгийн газартай олонтаа зөрчилдөж байжээ.
