Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Сильвагийн засгийн газар бага орлоготой өрхүүдэд олгодог “Bolsa Família” хөтөлбөрийн тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлэх болжээ. Ингэснээр тус хөтөлбөрийн сард олгодог хамгийн бага тэтгэмж 600 реал буюу ойролцоогоор 116 ам.доллароос 691 реал буюу 134 ам.доллар болж өсөх юм. Энэхүү нэмэгдэл аравдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд дундаж хэмжээ 675 реал байснаа 777 реал болж нэмэгдэх аж.

Засгийн газар уг нэмэгдлийг 2023 оны гуравдугаар сараас 2026 оны наймдугаар сар хүртэлх инфляцын өсөлтийг нөхөх зорилготой гэж тайлбарлаж байна. Тухайн хугацаанд хэрэглээний үнийн өсөлт 15.04 хувь байсан гэж Төлөвлөлтийн яам мэдээлжээ. Сангийн сайд Дарио Дуриган нэмэгдэлд шаардагдах зардлыг одоогийн төсвийн хүрээнд гаргах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Уг арга хэмжээ засгийн газарт 2026 онд 5.8 тэрбум реал буюу ойролцоогоор 1.1 тэрбум ам.доллар, 2027 онд 22 тэрбум реал буюу 4.3 тэрбум ам.долларын нэмэлт зардал болно гэж тооцоолж байна.

“Bolsa Família” нь бага орлоготой өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлдэг Бразилын томоохон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн нэг юм. Сарын орлого нь 218 реал буюу 42 ам.доллараас бага өрхүүд тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат болох аравдугаар сарын 4-ний өдрөөс хэдхэн долоо хоногийн өмнө гаргасан байна. Лула дахин сонгогдохын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд түүний гол өрсөлдөгч нь сенатор, экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүү Флавио Болсонару юм. Шинжээчдийн үзэж буйгаар, Лула сонгуулийн үед дэмжигчидээ нэмэгдүүлэх журмаар халамжийг нэмэгдүүлж байна.

Есдүгээр сарын 17-нд нийтлэгдсэн “Datafolha”-ийн судалгаагаар эхний шатанд Лула 39 хувь, Флавио Болсонару 36 хувийн дэмжлэгтэй гарсан. Тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр сонгуультай давхцаж байгаа нь Бразилын улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

Харин засгийн газар уг нэмэгдлийг инфляцын өсөлтийг нөхөж, иргэдийн худалдан авах чадварыг хадгалах зорилготой гэж тайлбарлажээ.

Мөн засгийн газар өр зээлтэй иргэдийн ачааллыг бууруулах зорилгоор өрийн зохицуулалтын шинэ арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн