ОХУ хэдхэн өдрийн өмнө Украины нийслэлд томоохон хэмжээний цохилт өгсөн. Тэгвэл цаашид ч системтэй шинэ төрлийн цохилтуудыг өгөх болно гэдгээ Оросын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Энэ шинэ цохилтоор шийдвэр гаргах төвүүд, командлалын төвүүд болон дрон үйлдвэрлэлийн байгууламжуудыг онилох аж.
Иймд нийслэл дэх гадаадын иргэд болон дипломатуудыг аль болох хурдан Киевийг орхихыг ОХУ уриалжээ. Мөн украинчуудыг хотын захиргаа болон цэргийн байгууламжуудаас хол байхыг сануулсан байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тавдугаар сарын 25-ны орой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьж, Киев дэх дипломатуудаа нүүлгэн шилжүүлэхийг зөвлөжээ.
Украины эрх баригчид Оросын заналхийллийг ичгүүргүй шантаажнаас өөр юу ч биш гэж мэдэгдээд, Москвад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхэд холбоотнуудад уриалжээ. Энэ заналхийллийг Оросын Старобилскт өгсөн цохилтын хариу гэж үзэж байна. Украины тал Оросын дроны ангийг онилсон, энгийн иргэний байгууламжид халдаагүй гэж мэдэгдэж буй ч Старобилск дахь оюутны дотуур байр цохилтод өртөж, 21 хүн нас барсан.