Цөмийн аюулд нэг алхам ойртуулсан Орешникийн цохилт

ОХУ тавдугаар сарын 24-ний өдөр Киев рүү дрон болон дуунаас хурдан Орешник баллистик пуужингаар халдав. Халдлагын улмаас дор хаяж хоёр хүн амиа алдаж, 83 хүн бэртэж гэмтжээ. Дөрвөн жил үргэлжилж буй дайны хугацаанд ОХУ цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай эл пуужинг ийнхүү гурав дахиа ашиглаж байна. Украины эрх баригчдын мэдээлснээр нийслэл Киев даяар байшин барилгууд халдлагад өртжээ.

Орешник зэрэг зэвсгээр Украины цэргийн удирдлага, хяналтын байгууламжууд, агаарын баазууд болон цэргийн аж үйлдвэрийн байгууламжуудад цохилт өгсөн гэдгээ ОХУ баталсан байна. Гэхдээ чухам ямар байршлуудыг онилсноо тодорхой дурдаагүй. Мөн уг халдлага нь Оросын нутаг дэвсгэр дэх иргэний байгууламжуудад халдсаны хариу гэж мэдэгджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам эхний мэдэгдлээсээ хэдэн цагийн дараа дахин мэдэгдэл хийхдээ энэ цохилтоор иргэний байгууламжийг огт онилоогүй гэжээ.

Зүүн Украин дахь коллежийн дотуур байр руу Украины арми өнгөрсөн Баасан гаригт дроноор халдсан гэж ОХУ буруутгасан. Улмаар хариу арга хэмжээний санал боловсруулахыг Путин албан тушаалтнуудад үүрэгдсэн аж. Путины мэдэгдсэнээр тус коллежийн ойролцоо цэргийн болон хууль сахиулах байгууллагын объект байгаагүй. Уг халдлагын асуудлаар Оросын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүртэл яаралтай хуралдсан юм.

Гэвч Украины НҮБ дэх Элчин сайд Андрей Мелнык Оросын буруутгалыг няцааж, цэвэр суртал ухуулгын шоу гэж нэрлэжээ.

ДИЙЛДЭШГҮЙ ОРЕШНИК

ОХУ олон цэнэгт хошуут Орешникийг 2024 оны арваннэгдүгээр сард анх Украины Днипро хотод ашигласан. Үүний дараа энэ оны нэгдүгээр сард тус пуужингаар баруун Львов мужид цохилт өгчээ.

Гурав дахь цохилтод төрөл бүрийн 600 дрон болон агаар, тэнгис, газраас харвах 90 пуужин оролцсон байна. Үүнээс Украин 549 дрон, 55 пуужинг устгаж эсвэл замаас нь сарниулсан байна. Мөн 19 орчим пуужин байндаа хүрч чадаагүй.

Зеленский АНУ болон барууны түншүүдээс авсан тагнуулын мэдээлэлд үндэслэн ОХУ Орешник ашиглах магадлалтай байгааг анхааруулж байсан билээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өмнө нь Орешникийн ид шидийг бахдан сайшаахдаа газрын гүнд байрлах хоргодох байруудыг устгах чадвартай гэж байв. Энэ зэвсэг нь дууны хурднаас 10 дахин хурдан буюу солир адил нисдэг. Мөн ямар ч пуужингийн хамгаалалтын системд дийлдэхгүй.

Хэд хэдэн Орешник пуужин байхад ердийн цэнэгт хошуутай байсан ч цөмийн цохилттой адил хэмжээний сүйрэл авчрах чадвартай гэж Путин хэлжээ.

УКРАИНЫ СУЛ ТАЛ

Украины тал дээр дурдсанчлан бүх пуужинг устгаж чадаагүй. Энэ нь Украин баллистик пуужинг унагах чадвартай хамгаалалтын системийн архаг хомсдолтой байгааг илтгэв.

Украин ийм төрлийн хүчтэй зэвсгийг устгах тал дээр АНУ-ын Патриот агаарын хамгаалалтын системд ихээхэн найддаг. Гэвч Патриотын нөөц туйлын хомс байгаа бөгөөд Украин ч барууны түншүүдээ шавдуулсаар байгаа юм.

Хомсдолын улмаас Украины Батлан хамгаалах яам дотооддоо өөрсдийн хувилбарыг боловсруулахыг нэн тэргүүнд зорьж буй. Мэдээж үүнд их хэмжээний цаг хугацаа болон санхүүжилт шаардлагатай юм.

ОХУ энэ удаад Украины нийслэл рүү их хэмжээний баллистик пуужин харвасан нь энэ зун эхлэх магадлалтай илүү хүчтэй халдлагын давалгаанаас өмнө Украины хязгаарлагдмал нөөцийг шавхах зорилготой байж болзошгүй.

МУХАРДАЛД ОРСОН ОРОСЫН САНААТАЙ ЦОХИЛТ

Мэдээж ОХУ Орешникийг ашигласан нь олон улсыг сэртхийлгээд байна.

Эммануэль Макрон, Фридрих Мерц зэрэг Украины Европ дахь холбоотнууд Оросын цохилт болон Орешник ашигласан явдлыг буруутгаж байна. Тухайлбал, Германы канцлер Фридрих Мерц ОХУ хурцадмал байдлыг хариуцлагагүйгээр улам дэвэргэж байна гэсэн юм. Харин Эммануэль Макрон ОХУ Орешник ашигласан нь тэдний дайны хүчин чармайлт гацаанд орсон, мөргөлдөөн аюултайгаар хурцдаж байгаагийн шинж тэмдэг гэжээ.

Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас “Х” хаягаараа жиргэхдээ “ОХУ тулааны талбарт мухардалд орсон тул хотын төвүүдэд санаатайгаар цохилт өгч Украинд айдас төрүүлж байна. Энэ бол аль болох олон энгийн иргэнийг хөнөөх зорилготой жигшүүрт террорист үйлдэл. Европын холбооны Гадаад хэргийн сайд нар хэд хоногийн дараа уулзаж, ОХУ-д үзүүлэх олон улсын дарамтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ” гэжээ. Мөн тэрбээр энэ цохилтыг цөмийн аюулын ирмэг дээрх хариуцлагагүй үйлдэл гэж буруутгажээ.

КИЕВТЭЙ САЛАХ ЁС ХИЙХ НЬ

Украины Онцгой байдлын албаны цахим хаягт дурдсанаар нийслэлийн хэд хэдэн дүүргийн 50 байршил цохилтод өртсөн байна. Үүнд орон сууц, худалдааны төвүүд болон сургуулиуд, цагдаагийн хэлтсийн барилгууд зэрэг багтжээ.

Хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр хүмүүс хоргодож байсан сургуулийн барилга ч мөн халдлагад өртсөн байна.

Киевийн оршин суугч, 55 настай Свитлана Онофрийчук “Аймшигтай шөнө байлаа, дайны туршид ийм зүйл хэзээ ч болж байгаагүй. Киевтэй салах ёс хийхээс өөр аргагүй болж байгаадаа харамсаж байна. Би лав энд үлдэхгүй. Амьдрах арга алга. Ажил маань үгүй болсон. Бүх зүйл шатсан” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS, CBS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн