ТАЙБЭЙ, 2026 оны тавдугаар сарын 26 /DW/. Герман-Тайванийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Германы Бундестагийн хэсэг гишүүд Тайваньд очсоныг Бээжин эрс буруушаалаа.
“Манай түнш улсуудын Тайваньтай тогтоосон аливаа албан ёсны харилцааг БНХАУ ямагт үл зөвшөөрсөөр ирсэн. Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байдаг бөгөөд Тайвань бол Хятадын салшгүй хэсэг мөн” гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдсэн байна.
“Нэг Хятад”-ын зарчим нь БНХАУ ба ХБНГУ-ын харилцааны суурь болдог хэмээн тэрбээр хэлээд, энэхүү зарчмыг мөрдөж, Тайванийг тусгаар тогтнуулахыг эрмэлзэгч хүчнүүдэд буруу дохио сэдэл өгөхгүй байхыг уриалжээ.
Янз бүрийн улс төрийн намуудыг төлөөлж буй Бундестагийн төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайваньд хүрэлцэн ирсэн юм. Төлөөлөгчдийн тэргүүн Тиль Штеффен Хятадын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдэлд тайлбар өгөхдөө “олон үгэнд нэг л хариу өгье: Хятад улс Герман-Тайванийн харилцаанд хөндлөнгөөс оролцох хэрэггүй” гэлээ.
Өнөөдөр Германы төлөөлөгчид Тайванийн ерөнхийлөгч Лай Чин-дэтэй уулзахаар төлөвлөжээ. Бээжингийн зүгээс түүнийг салан тусгаарлагч гэж үздэг байна.
1971 оноос хойш НҮБ болон дэлхийн ихэнх улс орон “БНХАУ бол Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны улс” гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин Латин Америк, Номхон далайн бүс нутгийн 13 жижиг улс болон Ватикан Тайваньтай дипломат харилцаа тогтоожээ.