ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 18 /Kazinform/. Хэрвээ Оман улс Ормузын хоолойд хяналт тавих асуудлаарх хэлэлцээрт хөндлөнгөөс оролцох аваас тус улсыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүрдүүлжээ. Энэ тухай NBC News мэдээлснийг Каzinform агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч эш татан дамжууллаа.
Д.Трамп Fox News-ийн олон улсын сэтгүүлч Трей Инст-эд утсаар ярилцлага өгөхдөө “хэрвээ Оман бидний замд тээг болох аваас түүнийг хэдэн хэсэг тасчин бөмбөгдөнө” гэж мэдэгдсэн байна.
Ормузын хоолойн асуудлаар Оман, Ираны хооронд болж буй хэлэлцээний талаарх өөрийнх нь асуултад АНУ-ын Ерөнхийлөгч ийнхүү хариулсныг Инст эфирт дамжуулжээ. Тухайн өдрийн орой Цагаан ордонд цугларсан сэтгүүлчид хэлсэн үгээ тайлбарлахыг Трампаас хүсэхэд тэрбээр “тэд биеэ зөв авч явна гэж би бодохгүй байна, гэхдээ бусад асуудлын адилаар бид тэдний учрыг амархан олно” гэжээ.
Йемен, АНЭУ, Саудын Арабтай хил оршдог Оман улс Ормузын хоолойн асуудлаар Ирантай хэлэлцээ хийж байгаа юм. Хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хянадаг MarineTraffic компанийн мэдээллээр, амралтын өдрүүдэд тус хоолойгоор дамжин өнгөрдөг тээвэрлэлт үндсэндээ зогсож, ердөө 13 хөлөг онгоц нэвтэрсэн байна. Үүний сацуу АНУ, Ираны хооронд байгуулсан 60 хоногийн гал зогсоох тохиролцооны хугацаа дуусжээ.
Оманы талаарх Трампын сүрдүүлгийн тухайд Виржиниа муж улсаас сонгогдсон сенатч Тим Кейн хэлэхдээ “наймдугаар сарын амралт дуусаж, Сенатын гишүүд Вашингтонд цугларах тэр үед миний бие Оманы эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг хориглосон тогтоолын төслийг өргөн барина” гэлээ. АНУ болон дэлхий дахинд илүү их хохирол учруулах боломжийг эрх мэдэлдээ эрдэж хөлчүүрхсэн харалган энэ ерөнхийлөгчид олгохгүйн тулд Ардчилсан намынхантай нэгдэх бүгд найрамдахчууд олдоно хэмээн би найдаж байна гэж тэрбээр хэллээ.
Тэртэй тэргүй хомс байгаа зэвсгээ нөөцийг АНУ-тай нягт дипломат харилцаатай, чөлөөт худалдааны гэрээг бидэнтэй байгуулсан Оманы эсрэг ашиглах гэсэн Трампын сүрдүүлэг нь Орос, Хятад зэрэг бодит дайснуудыг гараа үрчин баярлахад хүргэнэ гэж сенатч мэдэгджээ.