Израилийн арми Иранд хариу цохилт өглөө

Израилийн арми өнөө өглөө /2026.06.08/ Ираны пуужингийн цохилтын хариуг барьж, тус улсын төв болон баруун хэсгийг онилон цохилт өглөө. Ираны төрийн телевизэд мэдээлснээр, дэлбэрэлтийн чимээ Исфахан, Караж, Табриз, Тегеранд сонсогджээ. Агаарын цохилтын улмаас Тегераны Имам Хомейни олон улсын нисэх буудлын ойр орчимд агаарын орон зайг хаагаад байна. Одоогоор цохилтод чухам ямар байгууламжууд өртөж, хэдий хэмжээний хохирол учирсан зэргийг мэдээлээгүй байна.

Израилийн цэргийнхэн цохилт өгсөн даруйдаа товч мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд “Дөнгөж саяхан Израилийн агаарын хүчин Ираны төв болон баруун хэсэгт орших цэргийн байнуудыг онилж цохилт өглөө” гэсэн боловч өөр дэлгэрэнгүй зүйл дурдаагүй байна.

Цагаан ордны зүгээс ч аливаа мэдэгдэл хийгээгүй байгаа учир уг цохилт АНУ-тай хамаатай эсэх нь тодорхой болоогүй байна.

Израиль болон Ливаны Хезболла бүлэглэл хоорондын мөргөлдөөнөөс болж сүүлийн өдрүүдэд АНУ, Ираны энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон. Израилийн арми одоогоор өмнөд Ливаныг эзлээд буй тул дайн улам өргөжих вий гэж улс орнууд болгоомжилж байна. Хамгийн сүүлд л гэхэд Ням гаригт /2026.06.07/ Израилийн арми Бейрутын өмнөд хэсэгт цохилт өгчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News”-т ярилцлага өгөхдөө “Иранчуудыг пуужин харвахаа болиод, хэлэлцээрийн ширээнд суугаасай гэж хүсч байна. Мөн Израилийн Ливанд өгсөн сүүлийн цохилтод АНУ хамаагүй. Би бол үүнд таагүй хандаж байна” гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху руу залгаж, Ираны цохилтод хариу өгөлгүй хүлээзнэхийг хүссэн аж.

ЭХ СУРВАЛЖ: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн