Израиль, Ливан улсууд гал зогсоох хэлэлцээг хэрэгжүүлэх дээр санал нэгдсэн гэдгийг АНУ-ын Төрийн департмент мэдэгдлээ. Хамгийн гол нь өөр юу юунаас илүүтэй Хезболла бүлэглэл дайралтаа бүрэн зогсоох хэрэгтэй гэсэн нөхцөл болзол тавьж байгаа аж. Үүний зэрэгцээ Израилийн хяналтад байгаа өмнөд Ливаны бүсээс Хезболлагийн хүчнийг бүрэн гаргах болзол тавьжээ. Ливаны зэвсэгт хүчин тухайн нутаг дэвсгэрт дангаар онцгой хяналтаа тогтооход АНУ тусалж дэмжинэ.
Төрийн департментын мэдэгдэлд “Израиль, Ливаны ирээдүйг тусгаар тогтносон засгийн газартай энэ хоёр улс өөрсдөө шийдэх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Ливаны ирээдүйг аливаа улс, эсвэл зэвсэгт бүлэглэл, байгууллага өөрийн ашиг сонирхлын төлөө барьцаанд байлгах гэсэн аливаа оролдлогыг тэд няцааж байна” гэжээ.
АНУ-ын мэдэгдлийн өмнөх өдөр Израилийн тал Ливаны өмнөд хэсэгт цохилт өгч, дор хаяж есөн хүний аминд хүрсэн. Харин Хезболла бүлгийнхэн Израилийн хойд хэсэг рүү пуужингууд харважээ.
Хоёр улс дөрөвдүгээр сард гал зогсоох тохиролцоонд хүрсэн боловч бодитоор хэрэгжихгүй байгаа юм. Гэхдээ энэ сарын 22-нд хоёр улс дахин уулзаж, иж бүрэн тохиролцоонд хүрэх хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно. АНУ, Израилийн Ираны эсрэг дайнд Ливан гуравдугаар сарын 2-нд анх татагдсан орсон. Израиль улс Ираны дээд удирдагчийг хөнөөсөн тул Хезболла хариуд нь Израиль руу пуужин харвасан билээ. Улмаар Израиль улс Ливан даяар агаарын цохилт өгч, хариу барьжээ.
Энэ дайн эхэлснээс хойш Ливанд дор хаяж 3516 хүн амиа алдаад байна. Энэ нь энгийн иргэд болон цэргүүдийг нийлүүлсэн тоо юм. Үүний зэрэгцээ сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд буйг НҮБ мэдээлжээ.