Италийн ерөнхий сайд олимпын эсрэг жагсагчдыг хүчтэй шүүмжиллээ

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони Милан хотод болсон олимпын эсрэг жагсаалын үеэр гарсан хүчирхийлэл, төмөр замын дэд бүтцийг эвдсэн гэх хэрэгтэй холбогдуулан жагсагчдыг “Итали болон италичуудын дайснууд” хэмээн нэрлэжээ. Эдгээр үйл явдал нь Милан болон Кортина д’Ампеццо зэрэг хотуудад зохион байгуулж буй Өвлийн олимпын наадмын эхний өдөр болжээ. Олон улсын олимпын хороо (IOC) мөн жагсаалын үеэр гарсан хүчирхийлэл, үймээн самууныг буруутгаж, ийм төрлийн үйлдэл олимпын наадамд огт байж болохгүй гэж мэдэгдэв. “IOC”-ийн зүгээс тайван жагсаал хийх нь зөвшөөрөгдөх боловч хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцолжээ.

Мелони олимпын наадмыг хэвийн явуулахын төлөө ажиллаж буй олон мянган италичууд, тэр дундаа сайн дурынхныг сайшаасан байна. Тэрбээр цахим  сүлжээндээ жагсагчид Италийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, зарим нь галт тэрэг явах боломжгүй болгохын тулд төмөр замын кабелийг тасалсан гэж бичжээ. Италийн Тээврийн яам Болонья хотын ойролцоо болсон уг хэргийг “терроризм байж болзошгүй” хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Буруутай этгээдүүдэд олон сая еврогийн хохирол нэхэмжлэх боломжтой гэж мэдэгджээ.

Милан хотод Бямба гаригт (2026.02.07) хэдэн мянган хүн жагсаж, олимпын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, нийгмийн үр дагавар, улсын хэт их зардлыг эсэргүүцсэн байна. Жагсаал эхэндээ тайван байсан ч зарим оролцогчид олимпын байгууламжуудын ойролцоо утааны бөмбөг, тэсрэх хэрэгсэл төст зүйл ашигласнаар нөхцөл байдал хурцаджээ. Цагдаа нар олон нийтийг тараахын тулд нүд хорсгогч хий болон усны их буу ашигласан. Мөн олимпын тосгон болон ойролцоох хурдны замын орчимд мөргөлдөөн гарсан байна.

Зарим жагсагч олимпод Израилийн оролцоог, түүнчлэн АНУ-ын багийн аюулгүй байдлыг хангаж буй АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-ын оролцоог эсэргүүцжээ. Нээлтийн ёслолын үеэр Израилын тамирчид Сан-Сиро цэнгэлдэхэд орж ирэхэд зарим үзэгч эсэргүүцлээ илэрхийлэн орилсон. Гэсэн хэдий ч хөгжим, баярын уур амьсгалд хурдан дарагдсан байна. Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс болон түүний эхнэр тайзны том дэлгэцээр гарч ирэх үед зарим үзэгчдээс сөрөг хариу үйлдэл гарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн