2027 оны хоёрдугаар сарын 9-14-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулахаар товлоод байсан уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Алма-Ата хот руу шилжүүлэн зохион байгуулахаар болсныг тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Уг тэмцээнийг Астана хотын “Барыс Арена” цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байв. Гэвч өмнө нь товлосон бусад арга хэмжээтэй давхацсан тул тэмцээнийг Алма-Ата руу шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Тус тэмцээнд Ази, Хойд болон Өмнөд Америк, Африк, Далайн орнуудын шилдэг уран гулгагчид оролцох бөгөөд 20 орчим орны 340 орчим тамирчин, албаны төлөөлөгч хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

Уран гулгагчид эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл, хосын төрөл болон мөсний бүжгийн төрлөөр өрсөлдөнө.

Казакстан улс уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байгаа нь тус улсын төдийгүй олон улсын уран гулгалтын спортын түүхэнд чухал үйл явдал болно.

Алма-Ата нь Казахстаны уран гулгагчид болох Олимпын аварга Михаил Шайдоров, Олимпын хүрэл медальт Денис Тен нарын төрөлх хот билээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх