“Дужуан” хар салхи Японы Канто бүсийг дайран өнгөрөх үеэр хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болжээ.
Есдүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Канто бүс болон Изү арлуудын найман цэгт хур тунадасны дээд хэмжээ шинэчлэгдсэн байна. Ошима аралд 48 цагийн дотор 832 миллиметр бороо орсон нь есдүгээр сарын дунджаас 2.4 дахин их үзүүлэлт болжээ.
Чиба мужийн Ичихара хотын Үшикү сууринд 24 цагт 392.5 миллиметр хур тунадас орсон байна. Чиба мужид зургаан хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсон бол Канагава мужийн Ёкохама, Миүра хотод гурван хүн нас барж, хоёр хүнийг эрэн хайж байна.
Чиба болон Канагава мужид 600 гаруй барилга байгууламж эвдэрч, аврах болон сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK
