Япон улсад Дужуан хар салхи дэгдэж, хүчтэй салхи, аадар бороо дагуулсны улмаас хоёр сая орчим хүнд нүүлгэн шилжүүлэх зөвлөмж, захирамж өгөөд байна. “NHK” мэдээлснээр, хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болсон. Сураггүй болсон хүмүүсийн дөрөв нь Канагава мужийн иргэд ажээ.

Японы Цаг уурын агентлаг өмнө нь нөхцөл байдлыг “амь насанд шууд аюул учруулах хэмжээнд” хүрч болзошгүй гэж анхааруулсан. Харин одоо зарим бүс нутагт цаг агаарын сэрэмжлүүлгийн түвшинг бууруулаад байна. Хүчтэй хар салхиы улмаас 50 мянга гаруй айл өрх цахилгаангүй болжээ. Мөн олон зуун нислэг цуцлагдаж, галт тэрэгний зарим үйлчилгээг түр зогсоосон байна. Дужуан хар салхины дундаж хурд 130 км/цаг, хамгийн хүчтэй үедээ 194 км/цагт хүрчээ.

Хар салхи Японы Номхон далайн эрэг дагуу хойш чиглэн хөдөлж байгаа бөгөөд хохирлын бодит хэмжээг Мягмар гариг /2026.09.22/ хүртэл бүрэн тогтоох боломжгүй гэж мэдээлж байна.

Канагава мужийн Ёкосука хотод 60 гаруй насны эмэгтэйн амьдардаг байшин хөрсний гулгалтад өртсөн. Аврагчид эрэн хайх ажиллагаа явуулсны эцэст түүнийг байшин дотроос олсон боловч нас барсан байжээ. Мөн Чиба мужийн Содегаура хотод 50 гаруй насны эрэгтэй хөрсний гулгалтын бүсэд нуранги цэвэрлэх ажил хийж байхдаа осолдсон байна. Тэрбээр хүнд техник хэрэгслийн хамт хулсан модтой хэсэг рүү унаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч нас баржээ. Цагдаа нар ослын шалтгааныг шалгаж байна.

Канагава мужийн гал түймэртэй тэмцэх алба мөн хөрсний гулгалтын улмаас байшин нь дарагдсан талаар эрэгтэй хүнээс дуудлага хүлээн авсан байна.

ХАР САЛХИ БАЯРЫН ҮЕЭР ДЭГДЭЖ, ОЛОН АРГА ХЭМЖЭЭ ЦУЦЛАГДЖЭЭ

Дужуан нь энэ онд Японд бүртгэгдсэн 25 дахь хар салхи юм. Тус хар салхи Японд тав хоног үргэлжлэх амралтын үеэр дэгдсэн тул олон нийтийн арга хэмжээ цуцлагджээ. Тухайлбал, “Rock in Japan” хөгжмийн наадмын өчигдөр болох байсан тоглолтуудыг цуцалсан байна. Мөн “Tokyo Game Show” видео тоглоомын үзэсгэлэнгийн Даваа гаригийн хөтөлбөрийг цуцалжээ.

Ерөнхий сайд Санаэ Такаичи хар салхинд амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд байна. Мөн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай арга хэмжээ авахыг засгийн газрын холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Гэсэн хэдий ч тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор төлөвлөсөн айлчлалаа цуцлаагүй бөгөөд уг хуралд үг хэлэхээр төлөвлөжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар хар салхины тоог нэмэгдүүлж байгаа гэсэн тодорхой нотолгоо одоогоор байхгүй.

Харин үүссэн хар салхи илүү хүчтэй болох эрсдэлтэй. Далайн ус дулаарах тусам хар салхи илүү их энерги хуримтлуулж, салхины хурд нэмэгдэх боломжтой. Мөн дулаан агаар илүү их чийг хадгалдаг тул хар салхи илүү их хэмжээний бороо авчрах эрсдэлтэй.

Энэ жил Номхон далайн зарим хэсгийн усны температурыг нэмэгдүүлж буй Эль-Нино үзэгдэл хар салхины хүч, үүсэх газар болон чиглэлд нөлөөлж болзошгүй байна. Японы эрх баригчид иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд аюулгүй газар нэн даруй шилжихийг анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн