АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар есдүгээр сарын 24-нд Цагаан ордонд уулзана. Энэ нь хоёр удирдагчийн нэг жилийн доторх гурав дахь нүүр тулсан уулзалт бөгөөд талууд харилцаан дахь түр тогтвортой байдлыг хадгалахыг зорьж байна.

Харилцааг тогтворжуулах дипломат хүрээ

Бээжин Вашингтонтой харилцах харилцаагаа урьдчилан таамаглах боломжтой болгох дипломат зарчим тогтоохыг хүсэж буй. Харин АНУ одоогийн завсарлагыг ашиглан Хятадын газрын ховор элементийн нийлүүлэлтээс хамаарах байдлаа бууруулахыг зорьж байна гэж шинжээчид үзжээ.

Талууд цаашдын дээд хэмжээний уулзалтуудын нөхцөлийг мөн ярилцаж магадгүй. Ши Жиньпин Трампыг Хятадад болох АПЕК-ийн уулзалтад урих, харин өөрөө Майамид болох G20-ийн уулзалтад оролцох боломж яригдаж байна.

Хиймэл оюун ухаан ба аюулгүй байдал

Хиймэл оюун ухааны хөгжил хоёр улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын өрсөлдөөний гол сэдэв болжээ. АНУ технологийн оюуны өмч, кибер болон биологийн эрсдэлийг хөндөж байгаа бол Хятад улс технологийн хөгжлийг нь хязгаарлах оролдлого хэмээн үзэж байна.

Талууд аюултай үйл явдлын талаар мэдээлэл солилцох боломжийг хэлэлцэж байгаа ч энэ удаагийн уулзалтаар томоохон тохиролцоонд хүрэхээс илүү яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Тайвань ба чухал ашигт малтмал

Ши Жиньпин АНУ-аас Тайваньд нийлүүлэхээр төлөвлөсөн зэвсгийн багцыг хойшлуулах хүсэлт тавьж магадгүй. Үүний зэрэгцээ газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг хэвийн болгох асуудал хэлэлцээний гол хэсэг болно.

Худалдааны түр тохиролцоо

АНУ, Хятадын худалдааны түр тохиролцоо арваннэгдүгээр сарын эхээр дуусна. Талууд хугацааг зургаан сараар сунгах, харилцан ногдуулсан зарим тарифыг бууруулах болон Хятад Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нисэх онгоц худалдан авах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Хятадад хоригдож буй хүмүүсийг суллах асуудал мөн хэлэлцээний сэдэв болж магадгүй гэж Atlantic Council-ийн тоймд дурджээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн