Япон улс 2026 оны санхүүгийн жилийн төсвийг баталжээ

Японы парламент 2027 оны гуравдугаар сард дуусах 2026 оны санхүүгийн жилийн төсвийг 122.3 их наяд иенээр баталжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй төсөв болж байна.

Энэхүү төсөв нь ойролцоогоор 765 тэрбум ам.долларт дүйцэх хэмжээтэй бөгөөд нийгэм, эдийн засгийн олон сорилтыг даван туулахад чиглэжээ. Төсвийн хуулийн төслийг парламентын дээд танхимын Төсвийн хороогоор хэлэлцэх үеэр санал хураалтын дүн тэнцсэн байна. Улмаар хорооны дарга Фүжикава Машахито бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гарган дэмжсэнээр уг төсөл батлагдсан байна. Үүний дараа төслийг дээд танхимын нэгдсэн хуралдаанд өргөн барьж, эцэслэн баталжээ.

Хэлэлцүүлгийн явцад улс төрийн маргаан дагуулсан асуудлууд ч гарсан байна. Сөрөг хүчний төлөөлөл болох Моримото Шинжи эрх баригч эвслийг төсвийн хэлэлцүүлгийг яаруулж, хангалттай нягталж хэлэлцээгүй хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр ийм нөхцөлд төсвийг батлах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин эрх баригч Либерал ардчилсан намын гишүүн Хасэгава Гакү дэлхийн геополитикийн нөхцөл байдал, тэр дундаа Ойрх Дорнод дахь хурцадмал байдал Японы эдийн засаг, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна. Иймээс уг төсөвт нөөц сан бүрдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн зардлуудыг тусгасан гэж тайлбарлажээ.

Энэхүү төсөв нь Японы Сэргэн мандалтын нам, Консерватив нам зэрэг намуудын дэмжлэгтэйгээр батлагдсан бөгөөд 2015 оноос хойш анх удаа шинэ санхүүгийн жил эхэлсний дараа батлагдсан төсөв болж буйгаараа онцлог юм.

Төсвийн бүтэц дэх хамгийн том зардал нь нийгмийн хамгааллын салбарт ногдож, 39 их наяд иенээс давжээ. Энэ нь Япон улсын хүн амын хурдацтай хөгшрөлттэй шууд холбоотой юм. Мөн батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд 8.98 их наяд иенийг төсөвлөсөн нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй аюулгүй байдлын сорилтуудтай холбоотой гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн