Томоохон гамшгийн улмаас Токио хот сүйрэх эсвэл хүн амьдрар боломжгүй болох юм бол төрийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилготой “хоёрдогч нийслэл” байгуулах тухай хуулийг Японы парламент баталлаа. Хууль Баасан гаригийн (2026.07.24) орой Парламентын Дээд танхим болох Зөвлөхүүдийн танхимаар эцэслэн батлагдаж, хүчин төгөлдөр болсон юм.
Шинэ хуулийн дагуу Токио хүчтэй газар хөдлөлт болон бусад томоохон гамшгийн улмаас төр засгийн төвийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд засгийн газрын үйл ажиллагааг шилжүүлэн явуулах өөр нэгэн мужийг төрийн нөөц төв болгон сонгоно.
Сонгогдох мужуудыг хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал зэрэг үзүүлэлтээр үнэлэх бөгөөд Токиогийн 23 тусгай дүүрэгтэй адил захиргааны тусгай нэгжүүдийг байгуулах шаардлагатай болно.
Хуулийн төслийг санал хураалтаар 123 гишүүн дэмжсэн байна. Уг хуулийг эрх баригч Либерал ардчилсан нам (LDP), Японы инновацын нам, “Team Mirai” болон бусад зарим гишүүн дэмжсэн байна.
Харин Үндсэн хуулийн ардчилсан нам (CDP), Ард түмний төлөөх ардчилсан нам (DPP), Комэйто, Сансэйто, Японы коммунист нам (JCP), Рэйва Шинсэнгүми, Нийгмийн ардчилсан нам (SDP), Японы консерватив нам болон бусад улс төрийн хүчин уг хуулийг эсэргүүцжээ.
Энэхүү хууль нь Токио хот томоохон гамшигт өртсөн нөхцөлд ч төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, Японы гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой юм.