“Ялалт бол эх орноо хамгаалж, хадгалж үлдэх юм”

Оршуулгын газрын нам гүмийг бүрээн дуу, винтов бууны гал эвдэнэ. Украины төрийн далбааг гялтгар модон авсан дээр дэлгэн тавих цэрэг эрс зүрхэндээ хүнд дурсамжтайгаар нулимсаа залгилан зогсоно. Авсны дэргэд нэгэн эмэгтэй гашуудлаа тэвчихийг хичээвч нүднээс нь нулимс асгарах аж. Түүнийг Наталья гэх бөгөөд нөхрөө хоёр дахь удаагаа эцсийн замд нь үзэж байна. Виталий гурван жилийн өмнө зүүн Донбасст тулалдаж байхдаа амиа алдсан бөгөөд түүнийг анх төрөлх хот Славянскт нь оршуулсан байжээ. Гэвч Оросын хүчин улам хүрээгээ тэлж, тухайн бүс нутагт цохилт өгч эхэлсэн юм. Тиймээс Наталья нөхрийнхөө булшийг гарган авч, хэдэн зуун километрийн зайд орших нийслэл Киев рүү шилжүүлжээ.

“Ялалт бол эх орноо хамгаалж, хадгалж үлдэх юм”

Наталья

“Бид түүнийг Славянск хотод оршуулах үед эзлэгдсэн газрууд чөлөөлөгдөж байсан тул дайн удахгүй дуусна гэж бодож байсан” гэж Наталья нөхрөө хүндэтгэлтэйгээр дахин оршуулсныхаа дараа тайлбарласан. “Гэхдээ Оросын хүчин улам ойртож байсан тул би Виталийгаа эзлэн түрэмгийлэлд өртсөн газарт үлдээхээс айсан” гэж мөн хэлжээ.

Виталий 2022 онд ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоогоо эхлэхээс өмнө керамик зураач байжээ. Гэсэн хэдий ч эх орноо хамгаалах шийдвэр гаргаж, сайн дураар цэрэгт элссэн байна. “Тэр хүсэхгүй байсан ч хийх ёстой зүйл нь гэж хэлдэг байсан. Тэр минь эх оронч хүн байсан” гэж Наталья нулимс дуслуулан, нөхрөө дурссан юм. Нөхөр нь фронтын шугамд амиа алдах үед Наталья жирэмсэн байсан бөгөөд охин нь хэзээ ч аавтайгаа уулзаж чадаагүй. Виталийгийн булшийг эцсийн мөч хүртлээ хамгаалж байсан төрж өссөн нутгаас нь зөөх шийдвэр амар байгаагүй аж. “Сэтгэл минь маш их өвдөж байсан. Гэхдээ энэ бол зөв шийдвэр. Түүнийг орхиж, үлдээх нь хамаагүй хэцүү байх байсан” гэж Наталья нөхрөө дахин оршуулсныхаа дараа хэлсэн юм.

ФРОНТЫН ШУГАМ ТЭЛСЭЭР

АНУ түрэмгийлэл эхэлснээс хойш Москва, Киевийн хооронд энхийн хэлэлцээ байгуулахыг оролдож байгаа. Гэсэн хэдий ч Орос улс довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа тул украинчууд төсөөлөхийн аргагүй сонголтуудтай тулгарч байна. Үүнд Украины эрчим хүчний системд агаарын цохилт өгч, дайны дүрмийг зөрчиж буй үйлдэл орно. Мөн Киевт буулт хийх дарамт нэмэгдэж байна. Учир нь АНУ-ын тэргүүлсэн хэлэлцээний хамгийн чухал, шийдвэрлэгдэх гол түлхүүр Донбасс юм. Тус бүс нутгийг хамгаалахын тулд олон мянган хүн амиа алдсан бөгөөд ОХУ өөрийн газар нутгаа болгохыг зорьсон.

Украин улс одоогийн байдлаар Славянскийг оролцуулан Донбассын тавны нэг орчим хувийг хянаж байна.

Энэ хот Оросын хүчнийхэн хэдэн сарын турш урагшлуулахыг оролдож буй фронтын шугамтай ойрхон. Киев тэнд байлдааныг зогсоохыг санал болгож байгаагаас өөр ямар ч зөвшилцөл, буулт санал болгоогүй байгаа. Гэсэн хэдий ч Москва тухайн бүс нутгийн үлдсэн хэсгийг хяналтдаа авахыг хүсч байгаа бөгөөд АНУ санал нийлэх байх гэж шинжээчид үзэж байна. Бүс нутгийг эзлэх нь Владимир Путины Украиныг бүхэлд нь эзлэх анхны төлөвлөгөө өөрчлөгдсөнийг илтгэж байгаа бололтой. Анх Путин Украиныг “нацистуудаас цэвэрлэж”, “зэвсэггүй болгоно” гэж мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч өдгөө фронтын шугамыг тэлэхийг хичээн, бүс нутгийг эзлэх нь Оросын хувьд ямар нэгэн ялалт байгуулсан мэт харагдуулах боломж олгоно.

Наталья Славянск хотод одоо ямар амьдрал өрнөж байгааг тайлбарлахдаа “Гудамжаар дрон нисэж, микроавтобусуудыг онилдог. Хотын төвд бөмбөг дэлбэрч, том нүх үүсгэдэг” гэж хэлжээ.

“БИД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ”

Натальягийн төрсөн хотын хойд талд, Харьков хотын ойролцоо аюулын бүс тэлж байгааг харуулсан олон шинж тэмдэг илэрч байна. Ажилчид зам дээгүүр тор татахын тулд хөлдүү газарт шон цохиж суурилуулжээ. Эдгээр тор нь Оросын дронуудаас тээврийн хэрэгслийг хамгаалах зорилготой. Ойролцоох нууц байршилд Украин өөрийн дронуудыг засварлаж, угсардаг цэргийн анги байрлаж байна. Уг “Тайфун” ангид харьяалагддаг цэргүүд тоног төхөөрөмж, кабелиар дүүрсэн подвалд ажилладаг. Тэд фронтод гэмтсэн дронуудыг засварлаж, илүү сайжруулах арга замыг эрэлхийлдэг аж. Илүү олон цэрэг, илүү их нөөцтэй дайсантай тулгараад буй Украинд аливаа давуу тал маш хэрэгтэй юм.

“Ялалт бол эх орноо хамгаалж, хадгалж үлдэх юм”

Тэд ажиллаж байхад хөгжим эгшиглэж байгаа ч уур амьсгал нь хүнд. “Одоо болж буй зүйлсийн тухай энд ярихгүй байхыг илүүд үздэг” гэж 29 настай Роман нутаг дэвсгэрээ энх тайвны төлөө өгөх үү гэх асуултад хариулжээ. “Хүмүүс энэ талаар маргалдаж байгаа ч бидэнд тийм зүйл одоо хэрэггүй. Бид нэгдэж, Оростой тэмцэх ёстой” гэж тэрбээр хэлсэн юм.

Роман Донбасст хоёр жилийн хугацаанд байлдаж байхдаа олон найз нөхдөө алджээ. Одоо шинэ цэрэг татах нь маш хэцүү болсон. Өнгөрсөн сард Украины батлан хамгаалахын сайд 200 мянга орчим цэрэг зөвшөөрөл авалгүйгээр постоо орхисон гэж мэдэгдсэн юм.

Харин Роман Донбассыг Путинд өгвөл Украинд аюулгүй байдал тогтоно гэдэгт итгэдэггүй тул үргэлжлүүлэн тулалдана гэж шийдсэн. “Оросууд дахиад илүүг авахаар эргэж ирнэ” гэж тэрбээр үзэж байна.

Өөр нэг цэрэг Максим “ялалт” гэсэн ойлголт одоо өөр болсон гэж хэлжээ. “Манай ялалт бол эх орноо хадгалж үлдэх явдал. Бид гурван квадрат километр газар эзэмшиж байсан ч Үндсэн хууль, төрийн байгууллагуудаа хадгалж, хамгаалж байвал Украин оршин тогтносоор байх болно” гэж тэрбээр итгэл дүүрэн хэлж байна. Мөн ямар ч нөхцөл байдалд байсан тулалдах ёстой гэж Максим үзэж байна.

“Орос улс биднээс арав дахин том. Гэхдээ бид бууж өгч болохгүй” гэж тэрбээр мөн онцлон тэмдэглэсэн.

Киев хотод Наталья найзынхаа гараас атган зогсох зуур булш ухагчид түүний нөхрийн авс дээр шороо асгаж, дээр нь модон загалмай босгов. Наталья нөхрөө өөртөө ойрхон нутаглуулсандаа сэтгэл нь тайвширчээ. Ингэснээр тэрбээр Виталина охиныхоо хамт ямар ч айдасгүйгээр хүссэн үедээ булшийг нь эргэж, тойрч болно.

Охин нь аавынхаа бичлэгийг үзэж, зургийг нь хардаг. Тэд уулзаж чадаагүй ч охин нь аавыгаа маш их хайрладаг. Наталья мөн нөхөртөө хэзээ нэгэн цагт, насан эцэслэснийхээ дараа ч хамаагүй эмнэлэгт хөлдөөн хадгалуулсан үрийн шингэнийг нь ашиглаж, жирэмсэн болсноо хэлнэ гэж найддаг байна.

Тухайлбал, дайнд явж буй эрс дахин гэртээ ирэхгүй байх өндөр магадлалтай тул үр удмаа үргэлжлүүлэх зорилгоор эмнэлэгт үрийн шингэнээ хадгалуулах сонголт Украинд олширчээ.

Виталийтай дахин салах ёс хийх ёслол дээр түүний нэг ч цэрэг найз нь ирж чадаагүй. Учир нь олонх нь мөн адил дайнд үрэгдсэн гэж Наталья хэлсэн. Украин дөрвөн жилийн турш үргэлжилж буй бүрэн хэмжээний дайны явцад асар их үнэ төлж байна. Улмаар Орост эзлэгдсэн газар нутгаа албан ёсоор өгөх хувилбарыг зарим украинчууд чимээгүйхэн хүлээн зөвшөөрч, дайныг ямар ч аргаар хамаагүй дуусгах хүсэлтэй болжээ.

Гэсэн хэдий Наталья шиг олон хүн хайртай, дотнын хүнээ алдчихаад, амь насаараа дэнчин тавьж тэмцсэн газар нутгийг зүгээр өгөхийг тэвчиж чадахгүй. Тэрбээр хэлэхдээ, нөхөр нь Украины армийг одоо бууж өгөх бус, цаашид тэмцэхийг хүсэх байсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. “Орос улс нэг жил түр зогсож магадгүй. Гэхдээ дараа нь дахин дайрч, Харьковт хүрнэ. Орос зогсоно гэдэгт би хэзээ ч итгэхгүй” гэж Наталья нулимсаа тэвчин хэлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн