Японы Фүжи уулын ойролцоо орших Фүжиёшида хотын эрх баригчид энэ жилийн сакүра цэцэглэхийг харах фестивалийг цуцалжээ. Жуулчдын тоо хэт ихэсч, хянахад хэцүү болсонтой энэ шийдвэр холбоотой. Фүжиёшида хот жуулчдын хөлд дарагдан, хог хаягдал, замын түгжрэл нь ч дийлдэхээ больжээ. Зарим жуулчин нутгийн иргэдийн хувийн эзэмшил рүү нэвтрэх, бие засах зэрэг зохисгүй үйлдэл гаргасан ч тохиолдол байгаа аж.
Сакүра цэцэглэхийг харахад хамгийн тохиромжтой сайхан газруудын нэгээр Фүжиёшидаг нэрлэдэг. Үзэсгэлэнт сакүра цэцгийг Фүжи уултай хослуулан харахад юутай зүйрлүүлшгүй байдаг аж. Гэвч энэхүү үзэсгэлэнт зураглал оршин суугчдын амар жимэр амьдралыг бусниулах шалтгаан болоод байна.
Хотын дарга Шигэрү Хориүчи “Бид энэ тав тухгүй байдлыг асар ихээр мэдэрч байна. Хотын нэр хүнд болон иргэдийн амьдрах орчныг хамгаалахын тулд бид 10 жилийн турш зохион байгуулсан фестивалиа цуцлахад хүрлээ” гэж мэдэгджээ.
Тус хот 2016 оны дөрөвдүгээр сард Аракүраяама Сэнгэн цэцэрлэгт хүрээлэнг жуулчдад нээлттэй болгох шийдвэрээ зарлаж байв. Жуулчид уг цэцэрлэгт хүрээлэнд нэвтэрснээр сакүра болон Фүжи уулыг хамтад нь бүрэн харж, инстаграмын зураг авах боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнд хөл хөгжөөнтэй уур амьсгал бүрдүүлснээр жуулчин ихээр татна гэж анх зорьж байв. Гэвч сүүлийн жилүүдэд хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр жуулчдын тоо огцом өсч, хотын багтаамжаас хэтэрсэн байна.
Сакүра цэцэглэх оргил үеэр Фүжиёшидад 10 мянга орчим жуулчин ирдэг гэх тооцоо бий.
Иенийн ханшийн уналт болон цахим сүлжээ зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад жуулчдын тоо улам өсч байгаа аж.
Японы эрх баригчид жуулчдын зохисгүй үйлдлээс болж үүнтэй төстэй арга хэмжээ авч байсан өөр тохиолдол ч бий. Тодруулбал, Яманаши мужийн Фүжикавагүчико дахь жуулчид хамгийн ихээр очдог хэсгийг 2024 онд хааж байжээ. Жуулчид сайхан зураг дарахын тулд эмх замбараагүй байдал үүсгэж, хогоо хаа сайгүй хаяж, машинаа буруу байрлуулдаг зэргийг хотын оршин суугчид гомдоллосон байна.