Хятадын хориг түлшний хомсдолыг улам хурцатгаж байна

Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхий даяар газрын тосны зах зээл тогтворгүйтсэн. Үүнээс үүдэлтэйгээр дотоодод хомсдол үүсэхээс сэрэмжилж Хятадын засгийн газар дизель түлш, бензин, тийрэлтэт онгоцны түлшний экспортыг хориглоод буй. Тодруулбал, газрын тосны импортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад улс өнгөрсөн долоо хоногт шатахууны экспортыг дор хаяж гуравдугаар сарын сүүл хүртэл хориглох шийдвэр гаргажээ.

Тус хориг түлшний хомсдолыг улам хурцатгаж, үнийг дахин өсгөх төлөвтэй байна. Гэхдээ Хятадын хоригоос ч өмнө Азийн зах зээл хэдийнэ савлаад эхэлсэн байсныг сануулъя.

Хятадаас түлшний хамааралтай байдаг Австрали, Бангладеш, Филиппин улсууд өдгөө нийлүүлэлтийн өөр эх үүсвэр хайх шаардлагатай тулгарч байна. Азид цэвэр түлшний экспортоороо Хятад улс Өмнөд Солонгос, Энэтхэг, Сингапурын дараа дөрөвт ордог. Үүний зэрэгцээ тус улс боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Хятадын хоригоос шалтгаалаад Сингапурын зах зээл ойрын өдрүүдэд улам чангарах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна.

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо газрын тосны орон нутгийн жижиглэнгийн үнийг олон улсын үнэтэй уялдуулан ажлын 10 өдөр тутамд шинэчлэн тохируулдаг. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 9-нд бензиний үнийг 695 юаниар, дизель түлшний үнийг 670 юаниар нэмэгдүүлнэ гэж тус хороо зарласан. Тэгэхээр дараагийн буюу энэ он гарснаас хойш зургаа дахь удаагийн үнийн зохицуулалтыг өнөөдөр хийж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ энэ зохицуулалтыг олон улсад тэр бүр нээлттэй мэдээлэх нь ховор байдаг аж. Яагаад гэвэл энэ нь гэнэтийн өөрчлөлт гэхээсээ илүү тогтмол хийдэг ердийн шинэчлэлт байдагтай холбоотой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн