Нью-Йоркын ЛаГуардиа нисэх онгоцны буудал тодорхойгүй хугацаагаар хаагдсан байна. Тодруулбал, “Air Canada” нисэх онгоц нисэхийн зурвас дээр ослын дуудлагад явж байсан гал унтраах автомашинтай мөргөлдсөн аж.
Нисэх онгоц Монреаль хотоос ирж, газардсан байсан. Ойролцоогоор 38.6км/цаг хүртэл хурдаа сааруулж байхдаа Нью-Йорк, Нью Жерси мужийн боомтын захиргааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. Уг онгоц нь “Jazz Aviation” компанийн ажиллуулдаг “CRJ 900” загвар бөгөөд нийт 76 хүн зорчиж байсан. Үүнд багийн гишүүд багтсан байв.

Ослын улмаас онгоц ихээхэн гэмтэж, зарим зорчигчид бэртсэн гэж мэдээлжээ. Яаралтай тусламжийн багууд шуурхай ажиллаж, нисэх буудал руу чиглэсэн бүх замыг хаасан байна. Иргэдэд мөн тухайн бүсээс хол байхыг анхааруулжээ. Холбооны нисэхийн захиргаа ослын дараа бүх нислэгийг зогсоож, тодорхойгүй хугацаа шаардагдахыг анхааруулсан. Ослын нарийн шалтгааныг тогтоохоор Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл шалгалт эхлүүлжээ.