Ормузын хоолойг нээх хамтарсан хариу арга хэмжээнд 22 улс нэгдэн бэлтгэж байгааг НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте мэдэгдэв. Эдгээр 22 улсын олонх нь НАТО-ийн гишүүн юм. Мөн Өмнөд Солонгос, Япон, Австрали, Шинэ Зеланд, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн гэх мэт холбоотон улсууд ч багтжээ. Тэд үнэ төлбөргүй бөгөөд нээлттэй Ормузын хоолойн төлөөх Трампын алсын харааг хэрэгжүүлэхээр цуглаж буй нь энэ юм.
Марк Рутте мэдэгдэлдээ “Бид юу хэрэгтэй байгааг, хэзээ хэрэгтэй байгааг, хэрхэн хэрэгжүүлэхээ хамтдаа тодорхойлж байна. Тохиромжтой цаг нь ирмэгц бид үйл явцаа эхлүүлнэ” гэжээ.
Ормузын хоолойг нээх тал дээр ямар нэг арга хэмжээ авахыг хүссэн АНУ-ын уриалгын хариуд НАТО Өмнөд Солонгос, Япон болон Ойрхи Дорнод, Европын түншүүдтэйгээ санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар хичээж буйг энэ шийдвэр илэрхийлнэ. Трамп өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолойн асуудал дээр идэвхгүй хариу үйлдэл үзүүлж байна гэж НАТО-г шүүмжилсэн. Тэрбээр “АНУ үгүй бол НАТО цаасан бар. Тэд цөмийн зэвсэгтэй Ираныг зогсоох тулаанд нэгдэхийг хүсэхгүй байна. Ормузын хоолойн ажиллагаанд оролцох нь НАТО-ийн хувьд ямар ч эрсдэлгүй шахуу амархан зүйл. Хулчгаруудыг бид санаж явах болно” гэсэн билээ.
Рутте сүүлийн өдрүүдэд энэ асуудлаар Трамптай хэд хэдэн удаа ярилцсан аж. Тэрбээр “Хойд Солонгосын жишээг харвал хэт удаан сунжирсан хэлэлцээ шийдвэрлэх шаардлагатай зүйлийг орхигдуулах магадлалтай байдаг. Хойд Солонгос улсад цөмийн хүчин чадал нь байгаа. Хэрвээ Иран цөмийн хүчин чадалтайгаа байсаар байвал Израиль болон бүс нутаг, Европ, цаашлаад бүх дэлхийн тогтвортой байдалд шууд аюул заналхийлэх болно” гэжээ.