Хятадын Хунань муж дахь “Huasheng” салютын үйлдвэрт тавдугаар сарын 4-нд дэлбэрэлт болж, олон хүн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа амиа алдагсдын тоог 21 гэж мэдээлж байсан ч тавдугаар сарын 8-ны өдөр Хятадын төрийн телевизээр шинэчлэн мэдээлснээр 37 хүн амиа алдаад байна. Мөн 51 хүн гэмтэж бэртжээ.
Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Уг үйлдвэрийг ажиллуулдаг компани нь салютын материалыг хадгалахтай холбоотой аюулгүй байдлын удирдлагын журам зөрчсөн нь тогтоогдож, өнгөрсөн нэгдүгээр сард торгуулж байжээ. Одоогоор тус компанийг хариуцаж байсан нэг албан тушаалтныг саатуулаад байна.
“Huasheng” үйлдвэр байрлах Люян хот нь дэлхийн хамгийн том салют үйлдвэрлэгчид тооцогддог. Тус хотын олон үйлдвэр АНУ болон бусад орон руу экспортлох зорилгоор салют, пиротехникийн хэрэгслийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж байна. Осолтой холбоотойгоор Хунань муж даяар салют, тэсрэх бодисын үйлдвэрлэлийг түр зогсоож, хяналт шалгалтын арга хэмжээгээ чангатгахаа эрх баригчид мэдэгджээ.