АЦС байгуулах гэрээнд Казахстан, Оросын талууд гарын үсэг зуржээ

АНКАРА, 2026 оны есдүгээр сарын 4 /ANADOLU/. Казахстан улсад барих атомын цахилгаан станцын /АЦС/ зураг төслийг боловсруулах, станцын барилгын ажлыг гүйцэтгэх тухай гэрээнд Казахстан, Оросын талууд гарын үсэг зуржээ. Энэ тухай Казахстаны Цөмийн эрчим агентлагийн хэвлэлийн алба мэдээллээ.

Гарын үсэг зурах ёслол Владивостокийн XI Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр болж,  “Казахстаны атомын цахилгаан станцууд” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болон ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорацийн охин компани болох “Атомстройэкспорт” хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид баримт бичигт гарын үсэг зурлаа.

Ёслолд БНКазахстан улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Алмасадам Саткалиев, “Росатом” корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёв нар оролцсон байна.

2026 оны 5 дугаар сарын 28-нд байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэхүү гэрээг байгуулжээ.

“Аж үйлдвэр, дэд бүтэц, цахимжуулалт, хиймэл оюун ухааны салбарууд эрчимтэй хөгжиж буй энэ үед найдвартай, тогтвортой эрчим хүчний хэрэгцээ тасралтгүй өсөж байна. Цөмийн эрчим хүч нь хэдэн арван жилийн хугацаанд энэхүү хэрэгцээг тогтвортой байдлаар хангана. Үүний зэрэгцээ төслийг хэрэгжүүлснээр дотоодын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, тэргүүний технологиудыг нэвтрүүлэх, өндөр мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх боломжууд нээгдэнэ” гэж Цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлэлд дурджээ. Мөн Казахстаны үйлдвэрүүд, мэргэжилтнүүдийг төсөлд оролцуулах, дотоодын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад онцгой анхаарна гэдгийг онцолсон байна.

“АЦС байгуулах нь улс орны эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг бэхжүүлэх, үйлдвэрлэл, технологийн чадавхийг хөгжүүлэх, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, технологийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн Казахстаны алсын хараатай бодлогын чухал хэсэг мөн” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн