Грекийн эрх баригчид Ионы тэнгис дэх Лефкада арлын ойролцоо олдсон тэнгисийн дроныг шалгаж эхэлжээ. Тодруулбал, орон нутгийн загасчид Пүрэв гаригт (2026.05.08) тус дроныг агуй дотроос олж, эргийн хамгаалалтын албанд мэдэгдсэн байна. Үүний дараа уг төхөөрөмжийг Василики боомт руу чирч авчран шалгалтад оруулжээ. Грекийн хэвлэлүүдийн мэдээлснээр, дрон тэсрэх бодис тээвэрлэж байсан байж болзошгүй бөгөөд олдох үед хөдөлгүүр нь ажиллаж байсан аж. Албаныхан одоо уг төхөөрөмж хаанаас ирсэн, ямар зориулалттай байсан зэргийг тогтоохоор ажиллаж байна.
Зарим мэдээлэлд энэхүү дрон нь Орос-Украины дайны асуудалтай холбоотой, мөн Украинд үйлдвэрлэсэн байж магадгүй гэж дурдсан ч үүнийг албан ёсоор батлаагүй байна. Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгт хар өнгийн дроныг Грекийн эргийн хамгаалалтын завь чирж байгаа нь харагджээ. Харин төхөөрөмж дээр гарал үүслийг нь тодорхойлох тэмдэглэгээ харагдаагүй байна.
Тухайн дрон техникийн гэмтэл эсвэл удирдлагын төвтэй холбоо тасарсны улмаас Грекийн усан хилд орж ирсэн эсэхийг тус улсын цэргийн шинжээчид шалгаж байна. Мөн тус дроныг Оросын “сүүдрийн флот”-ын эсрэг ашиглахаар бэлтгэсэн байж магадгүй гэж таамаглажээ. “Сүүдрийн флот” гэдэг нь Украинд 2022 онд бүрэн хэмжээний дайн эхэлсний дараа өрнөдийн хориг арга хэмжээг тойрон гарахын тулд Оросын нефть, хийг тээвэрлэдэг хөлөг онгоцнуудыг хэлдэг.
Түүнчлэн уг төхөөрөмжийг Украин өмнө нь Оросын хөлөг онгоцнуудад халдахдаа ашиглаж байсан “MAGURA V5” тэнгисийн дронтой төстэй гэж Грекийн “Ta Nea” сонинд мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээлэл хараат бусаар баталгаажаагүй байна. Одоогоор Грек болон Украин аль аль нь Лефкада арлын ойролцоо олдсон дроны талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.