Хантавирусийн халдвар гарсан “MV Hondius” аяллын хөлөг онгоц Испанийн Тенерифэ арал руу ойртож байгаатай холбоотойгоор тус арлын оршин суугчид халдвараас болгоомжилж байна. Испанийн засгийн газар ДЭМБ-тай зөвшилцсөний үндсэн дээр зорчигчдыг энэ амралтын өдрөөр усан онгоцноос буулгахыг зөвшөөрсөн. Тус хөлөг нь Кабо-Вердээс Тенерифэд очиж буй. Халдвар авсан нь батлагдсан гурван хүн хэдийн эмнэлгийн хяналтад байгаа юм. Тенерифийн боомтын ажилчид Баасан гаригт (2026.09.08) Санта-Крус хот дахь Канарын арлуудын парламентын байрны гадаа жагсаж, эрүүл мэндийн эрсдэлээс болгоомжилж байгаагаа илэрхийлжээ. Тэд аюулгүй байдлын тусгай арга хэмжээ авч, тодорхой мэдээлэл өгөхийг эрх баригчдаас шаардсан байна.
Хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол усан онгоцыг ирэхийг эсэргүүцэж, саатуулах боломжтой гэж жагсагчид анхааруулжээ.
“Бидэнд зохих хамгаалалтын арга хэмжээ, тайлбар мэдээлэл хэрэгтэй байна” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Жоана Батиста мэдэгдсэн байна. Мөн зарим оршин суугч Канарын арлууд Африкаас далайгаар ирэх хууль бус цагаачдын урсгалын дарамтад аль хэдийн өртөөд байгааг дурдаж, бухимдаж буйгаа илэрхийлсэн байна. Улмаар айдас, болгоомжлолыг намжаахын тулд Испанийн эрх баригчид усан онгоц Тенерифэд шууд зогсохгүй гэж мэдэгджээ. Харин эргээс хол зангуугаа буулгаж, зорчигчдыг арал дээрх суурьшлын бүсээс хол байрлах Гранадильягийн аж үйлдвэрийн боомт руу тээвэрлэх аж.
Үүний дараа зорчигчдыг эх орон руу нь буцаах бөгөөд онгоцонд байсан Испанийн 14 иргэнийг Мадрид руу хүргэж, тусгаарлалтад оруулах юм байна.
Испанийн Иргэний хамгаалалтын агентлагийн мэдээлснээр, орон нутгийн иргэд зорчигчидтой ямар ч шууд хавьталд орохгүй бөгөөд “бүрэн хамгаалагдана” гэжээ. Зарим оршин суугч эрх баригчдын өгсөн дэлгэрэнгүй мэдээллийн дараа арай тайвширсан гэж хэлсэн байна.
Энэ асуудал улс төрийн маргаан дагуулж эхэлсэн бөгөөд хэт барууны үзэлтэй “Vox” нам аяллын хөлгийн асуудлыг хууль бус цагаачлалтай зүйрлэн шүүмжилжээ. Эрүүл мэндийн байгууллагууд энэ нөхцөл байдлыг “Covid-19” цар тахалтай адилтгахгүй байхыг анхааруулж байгаа ч олон хүний хувьд энэ үйл явдал цар тахлын эхэн үеийг санагдуулж байна. Тухайн үед Испанид анхны халдвар Канарын арлуудад илэрч, олон жуулчин тусгаарлагдаж байсан юм. Гэсэн ч зарим оршин суугч Канарын арлууд олон улсын хямрал, онцгой нөхцөл байдлыг даван туулах туршлагатай гэж онцолж байна.