АНУ-ын Батлан хамгаалах яам үл мэдэгдэх нисдэг биетүүд буюу “UFO”-той холбоотой 160 орчим файлыг олон нийтэд дэлгэлээ. Пентагон эдгээр үзэгдлийг “үл мэдэгдэх аномаль үзэгдэл” (UAP) гэж нэрлэдэг байна. Үүнд 1940-өөд оноос хойш АНУ-ын арми, “NASA”, Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад төрийн байгууллагуудын цуглуулсан мэдээллийг багтаажээ.
Нийтэд ил болгосон материалын дунд 2023 оны нэгдүгээр сард Японы орчимд бичигдсэн гэх дүрс бичлэг багтсан байна. Уг бичлэгт агаарт ойрхон байрласан гурван дугуй хэлбэрийн биет харагджээ. Мөн 1972 оны “Apollo 17” сарны нислэгийн үеийн нэг зураг багтсан бөгөөд томруулж харахад үл мэдэгдэх гурван жижиг цэг үзэгдэж байгаа аж.
Дэлгэсэн баримтууд дунд “Apollo 17” хөлгийн сансрын нисэгчдийн тэмдэглэл ч оржээ. Үүнд нэг нисэгч “Гэрэлтсэн жижиг хэсгүүд эсвэл хэлтэрхий мэт зүйлс хөвж өнгөрч байсан” гэж хэлсэн байв. Пентагон эдгээр биет яг юу болох талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байна.
Ийм төрлийн нууцалсан материалууд олон нийтийн таамаг, хардлагыг төрүүлж ирсэн. Тиймээс америкчууд одоо өөрсдөө үзэх цаг болсон гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгджээ. Тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр “UFO” болон харь гаригийн амьдралтай холбоотой төрийн материалуудыг ил болгохыг үүрэг болгосон бөгөөд үүнийг олон нийтийн “асар их” сонирхолтой холбоотой гэж тайлбарласан байна.
Пентагон цаашид “UFO”-той холбоотой нэмэлт баримтуудыг үе шаттайгаар үргэлжлүүлэн нийтлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.