ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ыг Украины дайныг дуусгах хэлэлцээг дутуу үнэлж, хоёр талын харилцааг сайжруулах оролдлогыг таслан зогсоох арга хэмжээ авч байна гэж буруутгажээ. Түүний “TV BRICS”-д өгсөн ярилцлага Даваа гаригт (2026.02.09) нийтлэгдсэн.
Үүнд “Трампын засаг захиргаа дайныг зогсоох шаардлагатай гэсэн бүх мэдэгдлийг үл харгалзан тусгай цэргийн ажиллагаа эхэлсний дараа Жо Байдены Оросыг шийтгэхээр баталсан бүх хуулийг эсэргүүцэхгүй байна.
Эсрэгээрээ, шинэ хориг арга хэмжээ ногдуулж, НҮБ-ын Далайн эрхийн тухай конвенцыг зөрчин задгай далайд танкеруудын эсрэг дайн өрнүүлж байна” гэж Лавров хэлсэн байжээ. Саяхан АНУ-ын хүчин газрын тосны танкеруудын “сүүдрийн флот” гэгддэг хөлөг онгоцыг хураан авсан бөгөөд үүнийг Лавров буруутгаж байгаа юм.
АНУ өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын хамгийн том газрын тосны компаниуд болох Лукойл болон Роснефтьд хориг арга хэмжээ авсан. Энэ нь ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил албан тушаалдаа орсноос хойших Москвагийн эсрэг авсан анхны томоохон хориг байв. Хоригийн дараа Лукойл гадаад дахь ихэнх хөрөнгөө зарахад хүрчээ. Трамп ерөнхийлөгч болсныхоо эхний өдөр Украинд өрнөж буй дайныг зогсооно гэж амлаж байсан ч энхийн хэлэлцээ удалгүй саатсан байна. Гэсэн ч Трамп ОХУ-тай харилцаагаа сайжруулах, цаашлаад хоёр улсын хооронд бизнесийн хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр иржээ.
Лукойл, Роснефть компанид тавьсан хориг нь Трамп наймдугаар сард Аляскад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа хэрэгжиж эхэлсэн юм.
Кремлийн албаныхны мэдээлснээр, уулзалтын үеэр талууд Украинд дайн дуусгах чиглэлд тодорхой “ойлголцолд” хүрсэн аж. Гэсэн ч ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйд эерэг төлөв харагдахгүй байна гэжээ. Тэрбээр ярилцлагадаа “АНУ дэлхийн олон бүс нутгийг хамарсан томоохон эдийн засгийн эрчим хүчний нийлүүлэлтийн замналыг хянахыг зорьж байна” гэж мэдэгдсэн байна. Мөн ОХУ АНУ-тай хамтран ажиллахад нээлттэй хэвээр байгаа ч “Америкчууд өөрсдөө энэ замд саад бий болгож байна” гэж хэлжээ. Энэ он гарснаар ОХУ, Украин, АНУ-ын албаныхан Абу Дабид энхийн хэлэлцээний хоёр удаагийн уулзалт хийсэн ч нутаг дэвсгэрийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.