Хиймэл оюун ухаан өдөр тутмын амьдралын хэв маягт ашиглагдаад хангалттай хугацаа өнгөрчээ. Гэхдээ нас, үеийн онцлогоос шалтгаалан “AI”-ийн хэрэглээ харьцангуй өөр байгаа аж.
Z үеийнхэн
Z үеийнхэн гэгдэж буй 16-29 насныхан бусад үеийн хүмүүсээс хавь илүү “AI”-г ашиглаж байна. Өнгөрсөн жилийн “Deloitte”-ийн гаргасан судалгаагаар Z үеийнхний 76 хувь нь “ChatGPT”, “Claude” зэрэг “AI” хэрэгслийг хамгийн их ашигладаг. Мөн “SurveyMonkey”-ийн 2025 оны өөр нэг судалгаагаар хичээл, сургалтын үйл явцад “AI”-ыг гол ашиглах шалтгаан болгож байна.
Нийт судалгаанд оролцсон “Z” үеийнхний 61 хувь нь “AI” суралцахад нь тусалдаг гэж хариулжээ.
Z үеийн хэрэглэгчдийн хувьд “AI” нь өдөр тутмын амьдралд нь нийцдэг. Тэд шинэ хэрэгслийг сониуч зангаар туршиж, “AI”-г цаг хэмнэх болон өдөр тутмын ажлыг илүү үр дүнтэй болгох арга хэрэгсэл гэж үзэх хандлагатай байдаг.
Миллениалууд
30–45 насныхан болох миллениалууд Z үеийнхэнтэй ойролцоо түвшинд байна. “Deloitte”-ийн судалгаагаар тэдний 58 хувь нь бие даасан “AI” хэрэгсэл ашиглаж үзсэн бөгөөд олонх нь өдөр тутам хэрэглэдэг аппликейшнд суурилсан “AI” функцуудыг ч ашигладаг.
“SurveyMonkey”-ийн мэдээллээр, миллениалууд “AI”-г хобби, зугаа цэнгэл, бүр сэтгэлзүйн зөвлөгөө авахад ч ашигладаг байна.
Мөн тэд ажлын байранд “AI” ашиглахыг хамгийн идэвхтэй дэмжиж буй бүлэг юм. 2025 оны “Pew Research Center”-ийн санал асуулгаар миллениалуудын 30 хувь нь ажлын байрандаа “ChatGPT” ашигладаг гэж хариулсан бол ахмад ажилтнуудын дунд энэ үзүүлэлт ердөө 18 хувь байжээ.
X үеийнхэн
46–59 насныхан болох X үеийнхний дунд “AI” ашиглалт харьцангуй бага. Зөвхөн 36 хувь нь бие даасан “AI” хэрэгслийг туршиж үзсэн ч бараг тал хувь нь имэйл эсвэл сошиал медиа зэрэг платформд суурилсан “AI” функцуудыг ашигладаг. Гэсэн хэдий ч “AI”-ийн талаарх мэдлэг, ойлголт өндөр хэвээр байна. “Pew”-ийн мэдээлснээр, X үеийнхний 78 хувь нь “ChatGPT”-ийн талаар мэддэг бөгөөд тэдний талаас илүү хувь нь энэ тухай нэлээд их сонссон гэжээ. Судалгаанууд энэ бүлгийг тэнцвэртэй бүлэг гэж тодорхойлдог.
Учир нь олонх нь “AI”-ийн ажлын байранд өгөх ашиг тусыг хүлээн зөвшөөрдөг ч хувийн хэрэгцээнд ашиглахдаа нууцлал болон мэдээллийн үнэн зөв байдалд санаа зовниж, болгоомжтой ханддаг.
Бэйби бумерууд
60–75 насныхан болох бэйби бумерууд “AI” ашиглах нь хамгийн бага. “Deloitte”-ийн судалгаагаар тэдний ердөө 20 хувь нь бие даасан “AI” хэрэгсэл туршиж үзсэн байна.
Ашигладаг хүмүүсийн хувьд “AI”-г ажил гэхээсээ илүү зугаа цэнгэлийн зорилгоор ашиглах нь түгээмэл бөгөөд үүний шалтгаан нь тэдний олонх нь тэтгэвэрт гарсан байдагтай холбоотой.
Гэсэн ч “AI”-ийн талаарх мэдлэг нь нэмэгдсээр байна. Бумеруудын ойролцоогоор 67 хувь нь “ChatGPT”-ийг мэддэг бөгөөд 35 хувь нь зориудаар хайж ашиглаагүй ч “AI” функцтэй тулгарч хэрэглэж үзсэн байна. X үеийнхний адил бумерууд “AI”-ийн хариулт хэр найдвартай вэ, мөн эдгээр хэрэгслийг хөгжүүлж буй компаниудад хэр зэрэг итгэж болох вэ гэдэгт эргэлздэг.