Европын холбоо орос цэргүүдэд визний хориг тавьж байна

Европын холбоо Украины эсрэг дайнд оролцсон орос цэргүүдэд визний хориг тавихаар төлөвлөж буйгаа зарлалаа. Энэ нь Оросын эсрэг дараагийн багц хоригийн нэг хэсэг юм.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэхдээ “Бид дайн эхэлснээс хойш Оросын армид хүчин зүтгэсэн хэн бүхнийг Европын холбооны орнууд руу нэвтрэхийг нь анх удаа хориглох гэж байна. Украиныг эзлэхэд оролцсон хэнбугайг ч Европ руу нэвтрүүлэхгүй гэсэн үг” гэжээ.

Визний хоригоос гадна Европын холбоо Оросын эрчим хүчний орлогыг таслан зогсооход гол анхаарлаа хандуулсан байна. Энэ хүрээнд Оросын газрын тосны үнийг нэгдүгээр сар хүртэл баррелийг нь 44 ам.доллараар хязгаарлахаар төлөвлөж байна. Ингэснээр Кремлийг зах зээлийн огцом өсөлтөөс ашиг олохоос сэргийлэх юм. Хоригийг хэрэгжүүлэхийн тулд Европын холбоо Оросын сүүдрийн флотын 30 танкерыг хар жагсаалтад оруулна.

Үүний зэрэгцээ хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тус болдог крипто платформууд, банкууд болон гуравдагч талын газрын тосны худалдаачдад шинэ хориг чиглэж буй. Мөн Оросын армид техник хэрэгсэл нийлүүлдэг гадаадын байгууллагуудад хамаарах зохицуулалтуудыг чангатгаж байна. Энэ хүрээнд Хятад, Хонгконгод байрлалтай 14 компанийг Европын холбооны бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг нь хориглож байгаа аж.

Шинэ хориг арга хэмжээний багцыг одоо Европын холбооны 27 гишүүн орон хэлэлцэж байж шийднэ. Хориг албан ёсоор батлагдахын тулд бүх гишүүн орон санал нэгтэй байх шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн