ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 10 /Reuters/. Ираны тал Ормузын хоолойд АНУ-ын “Апачи” загварын байлдааны нисдэг тэргийг сөнөөсөн гэж Дональд Трамп мэдэгдсэний дараа АНУ-ын цэргүүд Иранд цохилт өгчээ. Эл үйл явдал талуудын хооронд энхийн хэлэлцээр байгуулах боломжид эргэлзээ төрүүлж, хэврэгхэн байсан гал зогсоох хэлэлцээрийг улам хэврэг болголоо.
“Хариу цохилт маш хүчтэй байх ёстой. Энэ удаагийн цохилт ч яг тийм байлаа” гэж Д.Трамп “ABC News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Мягмар гарагт эхний цохилтуудыг өгсний дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Х” нийгмийн сүлжээнийн хуудсандаа бичихдээ, “Бид ямар ч халдлага, заналхийлэллийг зүгээр хараад өнгөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын талын хамгийн сүүлчийн цохилтууд Зүүн эргийн цагаар 17 цагт эхэлжээ. “Энэхүү ажиллагаа бол Ираны зөвтгөх аргагүй түрэмгийлэлд өгч буй хариу арга хэмжээ” гэж тус улсын Зэвсэгт хүчин “X” нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Америкийн цэргийнхний мэдээлснээр, мягмар гаргийн үүрийн гурван цагийн орчимд Оманы эрэг орчимд эргүүл хийж байсан АНУ-ын армийн “Апачи” нисдэг тэргийг унагасны дараа Тэнгисийн цэргийн хүчний дроноор хоёр нисгэгчийг олж, аварсан байна.