Ши Жиньпин: Умард Солонгост айлчлах үеэрээ Ким Жөн Унтай “чухал зөвшилцөлд” хүрсэн

БЭЭЖИН, 2026 оны зургаадугаар сарын 10 /Reuters/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Пёньянд хийсэн айлчлалынхаа дараа илгээсэн талархлын цахилгаандаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай “чухал зөвшилцөлд” хүрч, бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг хамгаалахаар тохиролцсон тухайгаа мэдэгджээ. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) бүрэн эхээр нь нийтэлсэн уг цахилгаанд Ши Жиньпин мэдэгдэхдээ, хоёр тал “харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хэд хэдэн чухал хамтарсан зөвшилцөлд хүрсэн” нь хоёр орон харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж байна гэсэн байна. 

Хятадын удирдагч хоёр улсын харилцааны хэтийн төлөвийн талаар дурдахдаа, “суурь болон урт хугацааны ашиг сонирхолд тулгуурлан” хоёр талын харилцааг “тууштай хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх”-ийн тулд, түүнчлэн бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахын тулд Ким Жөн Унтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Ши Жиньпин даваа, мягмар гарагт БНАСАУ-д айлчилсан бөгөөд тэрбээр долоон жилийн дараа тус улсад айлчилсан юм.


Хоёр орны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, удирдагчид улс төр, эдийн засаг, худалдаа, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсоны сацуу Засгийн газар хоорондын стратегийн харилцаа холбоог гүнзгийрүүлэхээ мэдэгдсэн байна.

Мөн хоёр улс хилийн боомтуудыг бүрэн нээж, иргэний агаарын тээврийн нислэгүүд болон олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээсэн боломжийг үр дүнтэй ашиглах ёстой гэж Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн