Шалгалтын үеэр ухаалаг шил ашиглаж хуулсан анхны тохиолдлууд гарав

Өмнөд Солонгос улсад “TOEIC” шалгалт өгөхдөө хиймэл оюун ухаант нүдний шил ашиглаж хуулахыг оролдсон анхны тохиолдлууд гарчээ. Тус улсад “TOEIC” шалгалт өнгөрсөн сарын 10-31-ний өдрүүдэд болсон. Эрх баригчид ирэх арваннэгдүгээр сард болох коллежийн элсэлтийн шалгалт зэрэг томоохон шалгалтуудын өмнө энэ асуудлыг цэгцлэхээр арга хэмжээ авч эхлээд байна.

Солонгосын “TOEIC”-ийн холбооноос өнөөдөр /2026.06.10/ мэдэгдсэнээр шалгалт өгсөн хоёр хүний оноог одоогоор хүчингүйд тооцжээ. Шалгалт эхлээд удаагүй байхад зарим хүн хиймэл оюун ухаант нүдний шил зүүж байгааг хянагчид анзаарчээ. Гэхдээ шалгалтын үеэр үүнийг нь зарлаж олон нийтэд саад болоогүй бөгөөд сүүлд нь нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр тэднийг хуулсан болохыг баталгаажуулжээ.

Хуулсан нь тогтоогдсон хоёр хүний шалгалтын оноо хүчингүй болсноос гадна дөрвөн жилийн хугацаанд шалгалт дахин өгөх эрхээ хасуулсан байна.

Хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шил нь ухаалаг утаснаас гадна хүмүүсийн хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүн болоод буй. Ийм төрлийн нүдний шилний эхэн үеийн загварууд нь камер, аудио функцтэй байсан бол сүүлийн үед бодит цагийн анализ хийх чадвартай, олон хэлний орчуулга хийдэг, байршил заадаг болжээ. Гэвч ердийн нүдний шилтэй андуурагдахуйц загваруудыг нь ашиглаж шалгалтын үеэр хуулах магадлалтай байгаа нь санаа зовоож байгаа юм.

АНУ-ын технологийн аварга “Meta” компани тавдугаар сарын 25-нд хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шилээ Өмнөд Солонгост танилцуулсан. Харин “Samsung Electronics” компани “Google”-тэй хамтарсан бүтээгдэхүүнээ энэ оны эцэс гэхэд гаргахаар төлөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн