Европ даяар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг шинэ судалгааны мэдээлэл харууллаа. “European Centre for Disease Prevention and Control” агентлагийн мэдээлснээр, заг хүйтэн болон тэмбүү өвчний тохиолдол 2024 онд сүүлийн 10 гаруй жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Тухайлбал, 106 мянга гаруй заг хүйтний тохиолдол бүртгэгдсэн нь 2015 онтой харьцуулахад 303 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тэмбүү өвчний тохиолдол энэ хугацаанд хоёр дахин нэмэгдэж, 45 мянгаас давсан байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлж байна. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үргүйдэл, архаг өвдөлт, зүрх болон мэдрэлийн тогтолцооны хүндрэл зэрэг ноцтой асуудал үүсгэж болзошгүйг анхааруулаад байна. Мөн халдвартай эхээс нярайд дамждаг төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2023-2024 оны хооронд бараг хоёр дахин өссөн байна. Улмаар хүмүүсийг бэлгэвч хэрэглэх, шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдахыг албаныхан зөвлөжээ.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан орнуудын дундаас заг хүйтэн болон тэмбүүгийн хамгийн олон тохиолдлыг Испани улс 2024 онд бүртгэсэн байна. Тайланд дурдсанаар эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд хамгийн их өртсөн бүлэг хэвээр байгаа аж. Гэсэн ч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн халдвар мөн огцом нэмэгджээ. Үүний зэрэгцээ хламиди нь хамгийн түгээмэл бүртгэгдсэн бактерийн халдвар хэвээр байгаа боловч нийт тохиолдол 2015 оноос хойш бага зэрэг буурсан байна.
Их Британи улс Brexit-ийн дараа энэхүү Европын судалгаанд хамрагдахаа больсон. Гэсэн хэдий ч Английн эрүүл мэндийн байгууллагууд 2024 онд 71 мянга гаруй заг хүйтэн, 9,500 гаруй тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд халдварын тоо дээд хэмжээнд хүрсний дараа Их Британи 2025 онд заг хүйтний эсрэг вакцин нэвтрүүлсэн байна. Эмч нарын хэлснээр, заг хүйтний үед өвдөлт, хэвийн бус ялгадас, үрэвсэл илэрч болох ч зарим хүнд ямар ч шинж тэмдэггүй байдаг аж. Харин тэмбүүгийн үед шарх, тууралт, үс уналт болон томуу төст шинж тэмдэг илэрч болно. Эдгээр өвчнийг антибиотикоор эмчлэх боломжтой бөгөөд бэлгэвч хэрэглэснээр урьдчилан сэргийлэх боломжтой юм.